Цаг үеийн мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албан бусад төлөөлөл АНУ-ын Вашингтон хотноо ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад оролцох хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацын дэд ерөнхийлөгч Рикардо Пуллити болон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далай хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферротой нартай тус тус албан уулзалт хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төлөвийн талаар ярилцав. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын инфляц 2024 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 6.7 хувьд хүрч, Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байгаа, мөн 2025 онд ДНБ 7-8 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдав. Мөн Монгол Улс ирэх жилүүдэд 30 тэрбум ам.доллароор хэмжигдэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, өргөжүүлэхэд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй гэдгийг онцоллоо.

Дэлхийн банк болон ОУСК-ийн зүгээс уулзалтуудын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах төслүүдийг судлах, жижиг, дунд бизнесийг дэмжих боломжийн талаар байр сууриа илэрхийлж, ярилцав. 

Таны сурталчилгаа