УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнөөдөр Үндэсний номын сангийн шинэ салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Номын сангийн шинэ барилга нь 11 давхар, 16 уншлагын танхимтай, 530 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Тусгай хэрэгцээт иргэд, хүүхэд, гэр бүлд хүртээмжтэй олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт юм.
Байнгын хорооны гишүүд Үндэсний номын сангийн шинэ салбар үйл ажиллагаа явуулж эхэлсэнд баяр хүргэж, амжилт хүсэв.
Мөн үеэр БСШУСБХ-ны гишүүдэд ССАЖЗ-ын сайд Ч.Номин салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар товч танилцууллаа.
Тодруулбал, сүүлийн 4 жилийн хугацаанд соёлын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж 88 соёлын байгууламж ашиглалтад орж, салбарын хууль эрх зүй, хүний нөөц, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирсан талаар танилцуулав. Мөн аялал жуулчлал, спорт болоод нийт хүн амын 30 орчим хувийг эзэлж буй залуучуудад тулгамдаж буй асуудлууд, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө танилцууллаа.
Үүний дараагаар байнгын хорооны гишүүд асуулт, хариулт авч, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Ч.Ундрам даргатай УИХ-ын БСШУСБХ-ны гишүүд Үндэсний номын сангийн болон ССАЖЗЯ-ны төлөөллүүдэд амжилт хүсэж, цаашид тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарч, хамтарч ажиллахаа илэрхийллээ.