Цаг үеийн мэдээ

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Цөмийн энергийн тухай хуулийн төсөлтэй танилцлаа. Хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих төсөл хөтөлбөртэй танилцаад бид дэмжихээр шийдсэн. Цөмийн энергийн тухай хууль үүний үр дүнд үүсэх уран олборлолт, Францын засгийн газрын гэрээ хэлэлцээр, тухайн улсын компанитай хамтран ажиллах төсөл хөтөлбөр, анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд бий. Өнөөдрөөс 15-16 жилийн өмнө Оюутолгойн гэрээг баталсан. Үүнтэй холбоотой маш олон улс төрийн асуудлууд өнөөдрийг хүртэл үүсэж байгаа. Магадгүй алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Олон улсын гэрээ хэлэлцээр үүнтэй холбоотой Монгол Улс өөрсдийнхөө язгуур эрх ашгийг хамгаалах байр суурь маш чухал. Харилцан эдийн засгийн харилцаа байх нь дамжиггүй. Үүн дээр Оюутолгой төсөл дээр гарсан алдаа шиг түүнтэй уялдах олон улс төрийн хэрүүл, авлига хээл хахууль гэх мэт асуудлууд байхгүй байх талаас нь бид итгэж улс орныхоо эдийн засаг түүний аюулгүй байдалтай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг бид дэмжсэн.  

Мөн 2025 оны улсын төсөв УИХ-ын чуулганаар орж ирж байгаа. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд 126 гишүүн бүхий парламент батлагдсан. Анхдугаар чуулган эхлээд хэд хонолоо. Анхныхаа улсын төсвийг хэлэлцэх гэж байна. Ард иргэдийн зүгээс энэхүү 126 гишүүнд нэг их итгэл байхгүй. Хүлээлт ч бас нэг их байхгүй байх. Тэгэхээр энэ шинэ парламент иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллах хэрэгтэй. Үүний хамгийн том ажлын гарааны эхлэл 2025 оны улсын төсөв. Үүнийг би яагаад онцолж хэлээд байна гэхээр ер нь төсөвт ханддаг уламжлал болсон хандлага шигээ хандах юм бол энэ улс орон буцаад элгээрээ хэвтэнэ. Улам л хүндэрнэ. Үүнийг задлаад тодорхой жишээ дурдвал, өнгөрсөн жилийн улсын зарлага 20 их наяд байсан бол энэ жил 30 их наяд болж байгаа. Орлого талдаа баталгаа байхгүй. Гол орлогынхоо эх үүсвэрийг түүхий нүүрсний зах зээлээр тооцож авч байгаа. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсний үнэ шат дараалалтай уналттай явсаар. Үүнийг маш өөдрөгөөр авсан байна. Үндсэндээ орлого зарлагын зөрүү гарахаар инфляц өсдөг, төгрөгийн ханш буурна. Эцсийн дүндээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар буурдаг. Зарлага талдаа хэтэрхий үрэлгэн байна. Хэдийгээр амны уншлага болтлоо төрийн эдийн засаг дахь, бизнесийн орчин дахь оролцоог хумина, багасна гэж ярьдаг боловч энэ төсвийг харахад эргээд л нэмэгдсэн. Халамж бол буурахгүй юм байна. Татвар ч буурахгүй. Нийгмийн даатгалын шимтгэл ч буурахгүй. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхтэй хүн ам агшиж байгаа. Өнгөрсөн хугацаанд 8200 хэвийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж үүд хаалгаа хаасан. Үүнийг дагаад 26000 орчим хүн ажилгүй болсон. Гадагшаа маш олон залуус эх орноосоо дүрвэн гарч байна. Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 13000 залуус эх орноо орхин гарч явжээ. Эдийн засгийн идэвхтэй хүн ам буураад байдаг. Хүн амд эзлэх ахмад настны тоо нэмэгдээд байдаг. Гэтэл төсөв орлого зарлагын зөрүү ихтэй. Өр тавихгүй тэвчиж болох зарлагууд маш ихтэй.  

Төсөвтэй холбоотой асуудлаар Үндэсний эвсэл хэд хэдэн зарчмын асуудлуудыг хөндөж байгаа. Тухайлбал, Боловсролын зээлийн сан. Ирэх жил 157 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн юм байна. Гэтэл өнөөдөр улс орны хэмжээнд аж ахуйн нэгжийн хамгийн том дутагдалтай байгаа асуудал яах аргагүй боловсон хүчин. Дотооддоо бэлтгэж байгаа боловсон хүчин үндсэндээ чанарын шаардлага хангадаг ч үгүй. Бэлтгэдэг багш нарынх нь чадамж хүртэл үнэхээр сул дорой болчихсон. Тэгэхээр Боловсролын зээлийн санг төсвийг нь эрс нэмэгдүүлье. Дээрээс нь Боловсролын зээлийн санг удирддаг үйл ажиллагааг нь зохицуулдаг журмыг эргэж харъя. Дахиад элдэв хулгай, улс төр дэх нөлөөллөө ашиглаж, өөрсдийнхөө асуудлыг шийддэг иймэрхүү асуудлаас ангид байх талаар эдийн засгийн голлох салбарууд дээрээ боловсон хүчнийг бэлтгэе. Тухайлбал, адаглаад л Цөмийн энергийн тухай хууль яригдаж байна. Яг үнэндээ Монгол Улсад цөмийн энергиэр бүх шатанд нь бэлтгэгдсэн боловсон хүчин хараахан байхгүй. Хүнс хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн үйлдвэрлэл, инженерүүд, хүнс хөдөө аж ахуйн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс, мал эмнэлэг малыг эрүүлжүүлэхтэй холбоотой боловсон хүчин дутагдалтай. Ирэх жилийн төсвийн нэг онцлог байх хэрэгтэй. 157 тэрбум төгрөгөөр хэдхэн л оюутан сургаж чадах байх. Эдгээрийг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Мэдээж хувийн хэвшлийг дэмжих эрүүл эдийн засгийн чөлөөт зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар хандах маш олон асуудлууд бий. Үүнийг төсөв хэлэлцэж байх үед мэргэжлийн хүмүүсийн байр сууриар асуудал болгон дээр байр сууриа илэрхийлээд явна.  

С.ОТГОН 

Таны сурталчилгаа