Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяагаас тодрууллаа. 

Орон нутагт баригдах сургуулиудын төсвийг харлаа. Ямар аймагт нь тийм өндөр дүнтэй сургууль бариад, ямар аймагт нь яг адилхан суудалтай сургуулийг бага дүнтэй төсвөөр бариад байгаа юм бэ. Жишээлбэл, 600 хүүхдийн суудалтай сургуулийг Сэлэнгэ аймагт 10 тэрбум төгрөгөөр барьчхаад, Сүхбаатар аймагт 15 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм. 5 тэрбумд нь тээврийн зардал гараад байна уу гэхээр Сэлэнгэ аймаг ч гэсэн хотоос зайтай. Зөвхөн тээврийн зардал дээр ингэж ялгаа гарах уу. Нөгөөтээгүүр улсын хэмжээнд нэгдсэн барилгын зураг төсөл нэгдсэн байдлаар явагддаггүй юм уу гэдгийг би их гайхаж байна. 320 хүүхэдтэй сургуулийн өргөтгөлийг 12 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм. Тэгтэл Завхан аймагт 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг 11 тэрбум төгрөгөөр барьж байна. Бүтэн суудлыг нь нугалж бариад үнэ нь хямд байгааг би гайхаад байна.  

Зам тээврийн хөгжлийн яамнаас ч гэсэн асуух зүйл байна. Ямар зам нь 950 саяар баригдаад, ямар нь 3 тэрбум төгрөгөөр баригдаад байна вэ. Барилга байгууламжийн хувьд үнийн зөрүүг нь харахаар хамгийн багадаа 20-30 тэрбум төгрөгийн зөрүүтэй байдал ажиглагдсан. Үүнийг лавлая гэж бодсон.  

0-2 настай хүүхдээ харах нөхцөл боломжоор хангахын тулд эцэг, эх 50000 төгрөгийн урамшуулал авна гэж заасан. Олон улсын жишиг ямар байгаа вэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ээжүүд 2 нас хүртэл нь хүүхдээ харахдаа ямар мөнгөн урамшуулал тэтгэмж авдаг вэ гэдгийг судлах ёстой болоод байна. 50000 төгрөгийг хавтгайруулаад бүгдэд нь олгочихдог. Үүгээр хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг нь авч байгаа нь хэдэн хувь нь байгаа юм. Өчигдөр би СХД-т ажиллахдаа нэг зүйл сонсоод үнэхээр сэтгэл сэрдхийлээ. Сар бүрийн 20-ноос хойш өөрөөр хэлбэл, Хүүхдийн мөнгөн тэтгэмж бууснаас хойш гэмт хэргийн, гэр бүлийн хүчирхийллийн, 108-ын дуудлага мэдээлэл маш ихэсдэг тухай судалгаа байгаа юм. Гэтэл үүнийг уг нь хүүхдэдээ зориулах ёстой биз дээ. Ингээд бодохоор бид мөнгөн халамжаас зайлсхийх ёстой юм байна. Мөнгөн халамжаа аль болох бүтээгдэхүүн үйлчилгээгээр орлуулдаг байхгүй бол халамж нь өөрөө зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна. Тэгэхээр цалинтай ээжийг олон улсын жишигт нийцүүлж хэрэгжүүлэх гэж байгаа бол эргэж харах хэрэгтэй. Уржигдархан л ой хоёр сартай хүүхэд цэцэрлэгтээ нас барсан эмгэнэлт хэргийн араас хөөцөлдөөд явлаа. Жишээлбэл, Боловсролын яам энэ манай яаманд хамаарах асуудал биш. Ямар ч зөвшөөрөлгүй байсан гэж байгаа юм. Шинэ парламент өмнөх засаг төр шиг асуудлаас зайлсхийсэн, бултсан, аль болох хариуцлагаас мултарсан байдалтайгаар урагшаа зөв сайнаар явахгүй. 1 нас хүрсэн хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийх хэрэгцээ шаардлага нийгэмд байна шүү дээ. Энэ хэрэгцээ шаардлагыг төр яаж зөв зохистойгоор зохицуулах вэ гэдэг зохицуулалтыг хийхийн тулд л оршиж байгаа биз дээ. Бусдад бурууг тохохын оронд энэ хэрэгцээ шаардлагыг төр яаж зохицуулах вэ. Үнэхээр хөдөлмөрлөхгүй бол амьдрал хэцүү байгаа болохоор л хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа. Түүнээс хүүхдээ хармааргүй байгаа даа, биеийн амрыг харсандаа хүүхдээ цэцэрлэгт өгөөд байгаа зүйл биш шүү дээ. Одоогоор хэрэг шалгагдаж байгаа болохоор өөр мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ мэдэх ёстой зүйлүүдээ мэдсэн. Цаашаа дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар болоод холбогдох газруудад нь асуулга явуулах гээд бэлтгээд байж байна.  

С.ОТГОН 

Таны сурталчилгаа