Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номингоос тодрууллаа.
Манай аялал жуулчлалын салбарынхан дөрвөн том экспод оролцоод байна. Үүнд бид монголынхоо аялал жуулчлалын боломжийг таниулдаг. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Үүний үр дүнд бид өнөөдөр 720 мянган жуулчин хүлээж аваад, 1.4 тэрбум төгрөгийн экспортын орлого олоод, 2024 онд зочлоход хамгийн тааламжтай улсаар тодроод, Чингис хааны музей очиж үзэх ёстой 20 музейн нэгээр тодорсон гэх мэт олон эерэг өөрчлөлт гарсан.
-2025 оны төсөвт таны багцад 500 тэрбум төгрөг суусан байна лээ. Үүнээс 18.3 тэрбум төгрөгөөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд соёлын ваучер олгоно гэсэн байна лээ. Тэр нь яг ямар журмаар ямар хүүхдүүдэд олгох вэ?
-Нэгдүгээрт, манай салбарын төсөв 598 тэрбум төгрө байгаа. Энэ нь бүхлээрээ соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжилд гэж орж ирсэн. Залуучууд гэдэгт 14-35 насныхныг хэлдэг. Ингээд бид 598 тэрбум төгрөгөө нийт төсвийн зардалдаа тооцох юм бол 1.7 хувь байгаа. Үүнээс соёлын салбарыг салгаад аваад үзвэл 0.2 хувь байгаа. Соёлын салбарын хувьд хамгийн чухал зүйл нь ихэвчлэн хүн рүү чиглэсэн ажлыг хийх шаардлагатай болдог. Та бүхэн залуучуудад зориулсан ямар хөгжлийн бодлогын ажил хийж байна вэ гээд бодоод үзээрэй. Өнөөдөр залуучуудад чиглэсэн ямар ажил байна вэ, юу хийж байна вэ бодоод үзээрэй. Таны толгойд орж ирж байна уу. Ингээд бодохоор бид залуучууд руугаа чиглэсэн ажил хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Соёлын хэрэгжилтийн хувьд 4 жилийн хугацаанд судалгаа хийсэн. ЮНИСЕФ-тэй хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар залуучууд, өсвөр насныханд чиглэсэн ажил маш бага байна. Хүний хөгжлийн асуудлуудаас хамгийн их хоцрогдож байна. Боловсрол, соёл, спорт, амьдралын хэв маягт чиглэсэн асуудлууд дээр ихээр орхигдож байна гэдэг судалгаа гарсан. Өсвөр насныхан насанд хүрэх нь ойртсон учраас эцэг эхийн анхаарлаас их гардаг. Нөгөө талдаа өөрсдөө шийдвэр гаргах хүсэл их болдог учраас эцэг эхийн хий гэсэн зүйлийг хийх сонирхолгүй болдог. Ийм зүйлүүдээс болоод хоцрогдож байна гэсэн судалгаа гарсан. Дараагийн нэг асуудал нь 2021 онд нийт гэмт хэргийн тоон судалгаанаас харахад 3.7 хувь нь өсвөр насныхан үйлдсэн бол 2022 онд 5.4 хувь нь болж өссөн. Цаашлаад өсвөр насны 6 хүүхэд тутмын нэг нь амиа хорлоё гэдэг сэдэл орж ирдэг. Ийм асуудал тулгарсан учраас бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ ажиллах шаардлага гарсан. Тиймээс бодлогоор өсвөр насны хүүхдүүдэд зориулсан олон төрлийн соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах Франц улсын байгууллагуудтай хамтран гаргасан хөтөлбөрийг хийхээр бэлтгэл хангаж байгаа.
-Өсвөр насныхан гэж хэдэн настай хүүхдүүдийг хэлээд байна. Улсын хэмжээнд өсвөр насны хэдэн хүүхэд байгаа вэ?
-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянга бий. Үүнээс 30 мянга гаруй хүүхэд нь албан ёсоор сургуульд явдаггүй. Тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд байна. Энэ утгаараа бид өсвөр насны 186 мянган хүүхдэдээ жилд 100 мянган төгрөгийн цахим хэтэвчээр дамжсан соёлын эрхийн бичиг буюу соёл спортын эрхийн бичгийг бий болгоё гээд энэхүү үйлдвэрлэлээ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхээ хуульд оруулаад, төсөвт саналаа оруулаад явж байна. Хүүхэд энэхүү 100 мянган төгрөгөөр юу хийж болох вэ? Ном худалдаж авч болно. Өөрийнхөө дуртай дугуйлан секцэд хамрагдаж болно. Хөгжмийн зэмсгээ авч болно гэдэг зарчмаар зарцуулна.
-Таны томилолт асуудал дагуулаад байгаа тал дээр тайлбар өгөөч?
Нэгдүгээрт, Ж.Танан гэж хүн миний найз биш. Мэдэх нь мэднэ. Энд тэнд таардаг. Надаас олон дүү. Хоёрдугаарт, Ж.Танан бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-ын салбар дундын хэрэгжилтийг хангах үндэсний хорооны ажлын албаны даргаар томилогдсон бүсгүй байгаа юм. Би өөрөө 2024 онд 6-7 удаагийн томилолтоор 20 хоног хүрэхгүй хугацаанд яваад ирсэн. Энэ хугацаанд албан айлчлалд оролцож, Монгол Улсыг сурталчлах томоохон арга хэмжээнүүдэд оролцдог. Бид Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж байж буцаад эдийн засгийн эргэлтийг бий болгоно. Аялал жуулчлалын салбар бодитой зүйлийг бий болгож байгаа салбар.