Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тоо, хохирлыг бууруулах зорилгоор өрнүүлж буй “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аян үргэлжилж байна.
Аяны хүрээнд Баянгол, Налайх дүүргийн айл өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт 1040 өрхийн гэр, сууцны галын аюулгүй байдлыг шалгаж, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмж хүргэлээ.
Айл өрхүүдэд хяналт шалгалт хийх үеэр 338 зөрчлийг илрүүлэн, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмж хүргэж ажилласан.
Нэгдсэн арга хэмжээнд дүүргүүдийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Экологийн Цагдаагийн алба, УБЦТС ТӨХК, Дэлхийн зөн Монгол ОУБ, дүүргийн Улаан загалмайн хороо оролцлоо.