Япон Улсын Аичи муж болон Нагоя хотноо 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ны өдрүүдэд Азийн зуны спортын XX наадам зохиогдох билээ.
"Аичи-Нагоя 2026" Азийн наадамд ажиллах сайн дурын ажилтны бүртгэл эхэлснийг Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Бүртгэл 2024 оны аравдугаар сарын 21-нээс 2025 оны нэгдүгээр сарын 31-ны өдрүүдэд гурван сарын турш үргэлжлэх бөгөөд оролцогч 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх шаардлагатай.
Сайн дурын ажилтнууд Азийн наадам өрнөх хугацаанд тэмцээн зохиогдох газрууд, медиа төв зэрэг байршилд 10 хоногийн турш өдөрт 8 цаг ажиллаж олимпизмын их үйлсэд хувь нэмрээ оруулах юм. Азийн наадамд сайн дурын ажилтнаар оролцсоноор олон талт сургалт, хөтөлбөрт хамрагдаж өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой.