Цаг үеийн мэдээ

“Хилийн боомтын албан хаагчдад зориулсан цацраг илрүүлэх систем” сэдэвт сургалтыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/-д зохион байгуулж байна.

“Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль”, “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай”, “Гаалийн тухай хууль”, “Цөмийн энергийн комиссын 2022 оны 16 дугаар тогтоол”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гаалийн ерөнхий газар”-аас гаргасан хүсэлтийн дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн сургагч багш нар болох Mojca, Alexander Martin нар хилийн боомтод ажиллах албан хаагчдыг чадавхжуулах, “Хилийн боомтын албан хаагчдад зориулсан цацраг илрүүлэх систем” сэдэвт сургалтыг 2024 оны арваннэгдүгээр сарын 4-8-ний өдрүүдэд Чингис хаан ОУНБ-д зохион байгуулж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор НҮБ-ын гишүүн орнуудад цөмийн, химийн, биологийн зэвсэг тэдгээрийг тээгч хэрэгсэл, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх хэрэглэхийг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд чанд хяналт тавихыг үүрэг болгосон.

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Эрчим хүчний яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд 2008 оноос эхлэн хилийн боомтуудад цацрагийн хяналтын төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Гаалийн байгууллага 16 боомтод 100 гаруй төхөөрөмжийг цөмийн болон цацрагийн хяналтад ашиглаж байна.

Таны сурталчилгаа