Үрлэг зарлага ихтэй төсөв тойрсон зөрчил маргаан хурцадсан, 126 гишүүнтэй УИХ тооны хичээлдээ унасан 7 хоног боллоо. Амьдрал ахуй хүнд байна гэх атлаа Халзан Бүргэдэйн орд газрын хайгуулын ангийг довтлон тарааж, өөрсдийнхөө хийх ажил, хураах татвар, авах цалингаа нураалаа. Өнөрцэцэгээр уламжлан үг хэлэх эрх чөлөөг хорилоо. Далимд нь 8 ишиг биш биш амин зуулгын эх үүсвэр 56 малаа, амар амгалан амьдрал, алдар хүндтэйгээ алдсан хөдөөгийн малчин хөгшнийг нүдэнд хүйтэн, хар царайтай гэж алдлан хүн чанараа гээцгээлээ.
Эрэвгийлхамтай цугт нь харааж зүхсэн хэрүүлтэй маргаантай хэцүү 7 хоног өнгөрлөө.
УИХ 2025 оны өөрсдийнхөө 4 удаа хэлэлцэж улсын төсвөө батлахаасаа өмнө урсгал зардал нь хэтэрчихсэн, утга учиргүй юм болсон тул ирэх сард эргээд тодотгоно, ахиад тодруулна гэж хүлээн зөвшөөрлөө. Урьд өмнө нь улсын төсвөө баталсан хойноо буруу зөрүү, бүдэг бүрэнхий юм боллоо гээд тодотгож тодруулдаг байсан. Энэ удааД УИХ улсын төсвөө бүр батлахаасаа өмнө бүдэг бадаг юм болж байна, тодотгоё тодруулъя гэж алхаа цохиж, товчоо дарцгаахдаа “Бид юу хийчхэв ээ” гэж амаа барьцгаалаа. Толгой нь олширсон УИХ тоо бодож чадаагүйгээ тоглосон шинжгүй хүлээлээ.
Улсын төсөв айл өрхөөр бол ирэх жил олох, үрэх мөнгөө тооцоолж төлөвлөж байгаа хэрэг юм. Монгол бол нүүрс ухаж, нүүрс үүрээд шөнөөр ирж олох мөнгөө зарцуулж захирдаг орон. Өвлийн хүйтэнд гал хөс, түлээ түлш багатай, эм тариа, эмнэлэг, сургууль нь хомс атлаа өдрөөс өдөрт үнс болж байгаа нүүрсээ үнэ ханш нь өндөр байна гэж өөдрөг төсөөлөөд, өөрөө ойчсон хүүхэд болж уйлдаг улс.
Сонгуулиас өмнө намууд үнэнээсээ худлаа ярьдаг бол сонгуулийн дараа худлаагаасаа үнэн хэлдэг гэдгийг энэ удаагийн улсын төсвийн хэлэлцүүлэг яруу тодоор баталж өглөө. Улсын төсвийн зарлагыг 25 хувиар танах МАН-ын, 20 хувиар багасгах АН-ын, бууруулна хумина гэсэн ХҮН-ын амлалт арилсан саарал МАНАН-гийн ормон дээр овоолж боссон элсэн МАНХАН-ы ард ингээд бас замхарлаа.
2025 оны улсын төсвийн нийт зарлага өмнөх жилээсээ 5,3 их наядаар өсөж 35,8 их наяд боллоо. Засгийн газрын өр мөн 5 их наядаар нэмэгдэж, 40 их наядын босго давлаа. Урсгал зардал 3,6 их наядаар нэмэгдэж, 26 их наяд болж, урьд оноосоо 72,6 хувиар өслөө. Төсөв данх данхаар өсөхийн хэрээр төр дамардан данхайж, авлига, хахууль зузаарч, хувийн компаниудын үүрэх ачаа, татварын дарамт шахалт нэмэгдэнэ.
Өнөөдөр улсын төсвийн 3 дахь хэлэлцүүлэг өрнөсөн ч хуулиараа тоо хасаж нэмэхгүй, зөвхөн үг найруулгыг нь засах л үлдсэн тул бандан тас болсон юм байна. УИХ-ын 126 гишүүн тоо бодож, тооцоолж судлаагүй, зардал хасаж хэмнэж болох 1, 2 дахь хэлэлцүүлгийнх нь үеэр ажлаа хийгээгүй, 4, 5 хан гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, 32 хон тэрбумыг танасан нь нийт зардлынхаа 0,1 хувь болж, анхны төслөөсөө 99,99 хувь нь үлдлээ. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин зардал төсөв танаж болох эхний 2 шатанд нь нэг ч санал гаргаагүй мөртөө бандан тас болсон хойно нь сэтгэл сэргэтэл шүгэл үлээж, өнгөрсөн борооны хойноос өвлийн хүрэм нөмөрсөн байна.
Зочин
2024-11-10
Точный батлаагүй Төсөвөө тодруулна. Хог хальстай буудайг ЗИП 20 гэдэг машинаар хэд хэдэн удаа цэвэрлэж ялгасан буудайгаа улсад тушаадаг байлаа Яг л үүн шиг юм болдог болж бүдүүн тоймоор баталсан улсын төсвөө дахин цэвэрлэж тодруулдаг болж улсын ажлыг энэ 126 ч халтуурдаж байнаа.
2024-11-10
Трамп гарсанаар БНХАУ аас авдаг бараандаа 70% хүртэл татвар ноогдуулна гэсэн Үүнээс улбаалж Хятад нэг бол бараагаа бага үйлдвэрлэнэ эсвэл зардалаа хямдруулж хямд бараа АНУ руу гаргана. Тэгэхийн тулд түүхий эд нүүрсээ хямдруулж байж л энэ бүхэн бүтнэ. Ирэх жилүүдэд манай нүүрс төмрийн хүдэр түүхий эдийг хямд авах болно. Манай төсөв яаж бүрдэнэ дээ