Цаг үеийн мэдээ

Төсвийн тогтолцооны эд эс, түмний мөнгөөр наадагч, төрийн суртал ухуулгын эрэг шурга болсон төрийн өмчийн театр, чуулгынхан, номын сангийнхан Номин сайддаа тус биш ус, нэмэр биш нэрмээс боллоо. Хүүхэлдэйн театрын дарга ард түмнийг та нар хэзээ хамгийн сүүлд жүжиг үзсэн бэ? гэж загналаа. Танхим дүүрэн үзэгчтэй байх нь Таны үүрэг. 18 тэрбумын ваучерт хамрагдах 16-18 насны хүүхэд хүүхэлдэйн театрт биш Шангриллад кино үзэж яваа. УДЭТ-ын захирал Н.Наранбаатар сүүлийн үед кино гараад байгааг яагаад хуулиар хориглож болохгүй байгаа юм, харь оронд байдаг зодоон цохион, дээрэм тонуулыг авчирч байна гэж хэллээ. Харин одоо Та бүхэнд Н.Наранбаатарын Ольсоны ихрүүдийн тоглосон Холливудын киног тэр чигээр нь хулгайлаад, Оросын “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны тэр чигээр нь хуулаад  угаагаад, алдарт Анна Каренина бүтээлийг алиа салбадай, хямдхан эротик, өөрөө тоглосон инээдмийн гэх киноных нь дүрсээс үзүүлье. 

Эрхэмсэг гүнтэн Вронский орцонд пиво ууж, Москвагийн язгууртан бүсгүйчүүд агшин бүрд ха ха хи хи болон тэнэгтэхийг хэн найруулсан бэ? Анна Каренина галт тэргэн доогуур орохын өмнө Доллитой уулздаг хэсэгт сэтгэл зүйн драмын хэсгийг эрхэмсэг гүнтэн эрхтнээ саан гар хангалга хийх эмгэнэлийг инээдэм биш ханиадам болгосон эх оронч, суут бүтээлч Н.Наранбаатар биш бол өөр хэн бэ? 

Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Соёлын ваучераар улс орноо хоригдолгүй болгож, гаднаас хоригдол импортолж, тэндээсээ мөнгө олдог улсууд олон байна” гэж айлдвар лүндэн буулгасныг энэ дашрамд уламжилъя. Бүтээгдэхүүн экспортлох биш амьд бэлэн гадаад хоригдол хөлөөр нь импортлоод, биеийг нь үнэлэх үү, музейн үзмэр болгох юм уу, Японы олзны цэргүүд шиг зам, барилга дээр ажиллуулах уу? Захирал мэдэж л байгаа даа. 

Таны сурталчилгаа