Цаг үеийн мэдээ

“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн стратеги” сэдэвт уулзалт боллоо. БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индексэд суурилсан санхүүжилтийн болон төлөвлөлтийн арга зүйг боловсруулсан бөгөөд үр дүнг хэлэлцлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийгэм-эдийн засгийн салбаруудаас хамгийн их эрсдэлтэй тулгарч байгаа салбар бол мал аж ахуй, газар тариалангийн салбар юм. Төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг зудын эрсдэлийн зургаар, газар тариалан болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хуурайшлын индексээр тодорхойлж, 2030 ба 2050 он хүртэлх хуурайшлын индекс, зудын эрсдэлийн индексийг Монгол орны 330 сум тус бүрээр тооцон гаргасан байна. 

Судалгааны дүнгээс үзвэл 2050 оны үед Монгол оронд зудын эрсдэл нэмэгдэж, их эрсдэлтэй нутаг 10 хувиар, нэн их эрсдэлтэй нутаг 17 хувиар нэмэгдэх ба хуурайшлын индексээр хуурай ба нэн хуурай бүс 10 хувиар тэлж нийт нутгаар хуурайшилт явагдах дүр зураг ажиглагдаж байна.  Иймд зудын эрсдэл, хуурайшлын индексийг аймаг, сумын түвшний дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн төлөвлөгөөг хийхэд болон дасан зохицох арга хэмжээг эрэмбэлэхэд зайлшгүй ашиглах шаардлагатай юм. Төслийн удирдах хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга уур амьсгалын эрсдэлийн индексийг хөгжлийн болон санхүүгийн төлөвлөлтөд бүхий л шатанд ашигласнаар гамшгийн эрсдэлээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход шийдвэрлэх нөлөөтэйг онцлов. 

“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-тай нийцүүлж сайжруулах, оролцогч талуудын  хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган батлуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Таны сурталчилгаа