Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.11.09) Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Тус төвд энэ оны 10 дугаар сарын байдлаар 11700 гаруй иргэн утсаар болон сошиал суваг, дуут шуудан, фейсбүүк, э-мэйлээр ханджээ.
Үүнээс санал, хүсэлт бүртгэх системд 7231 санал, хүсэлт, гомдол бүртгэснээс өргөдөл, гомдол 6569, талархал 517 бүртгэн холбогдох төрийн байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлж, 4494 иргэнд төрийн байгууллага, Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад мэдээллээр хангаж ажилласан байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг эзэлж байгаа асуудлыг харвал:
Төрийн байгууллага, төрийн албан хаагчтай холбоотой гомдол буюу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа талаар - 1258
Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой - 463
Авто замтай холбоотой - 417
Цахилгаан, эрчим хүчтэй холбоотой - 386
Ерөнхий боловсролын сургуультай холбоотой - 278 тус тус бүртгэгдэж, холбогдох байгууллагад шилжүүлжээ.
Сайд Н.Учрал, цаашид 11-11 төв иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад нь зөвхөн шилжүүлээд орхих бус, шийдвэрлэлтэд хяналт тавьж, иргэдийн асуудлыг бодитоор нь шийддэг байхад онцгой анхаарна. Холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгч, үр дүнтэй ажиллахад ач холбогдол өгнө гэв. Мөн иргэдэд мэдээлэл өгөх нөхцөлийг илүү хялбар, шуурхай, энгийн болгож, хиймэл оюун ухаан нэвтрүүлж, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өглөө.