Гадаадын иргэн, харьяатын газрын систем шинэчлэлтийн хүрээнд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалт болон хасалт хийлгэх үйлчилгээний хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс байгууллагын immigration.gov.mn сайтаар дамжуулан, шинэ системээр хүлээн авахаар боллоо. Тодруулбал, eimmigration.mn системээр үзүүлж байсан оршин суух зөвшөөрлийн сунгалт, хасалтын үйлчилгээг зогсоож, үйлчилгээний шинэ систем (isf.mn)-ээр хүсэлтийг хүлээн авах юм.
Гадаадын иргэн, түүний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ авахдаа танилт нэвтрэлтийн “Дан” системээр нэвтрэх бөгөөд уригч иргэн нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсгээр, аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр, гадаадын иргэн бол дахин давтагдашгүй 13 орон бүхий бүртгэлийн дугаар ашиглан тус тус нэвтрэх юм.
Ийнхүү шинэ системд шилжсэнээр төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр мэдээлэл солилцох, ГИХГ-ын бүх төрлийн үйлчилгээг нэг системээс авах, үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу талууд бүрдэж байна.
Шинэ системийг ашиглах хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Зөвлөгөө мэдээллийн төв: 1800-1882
Цахим хуудас: http://immigration.gov.mn