Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа Д.Эрдэнэбилэг захирагчтай XIV ээлжийн мотобуудлагын батальоны дөрөв дэх цувраа ажиллагааны газар оронд бүрэн бүрэлдэхүүнээрээ шилжин байрлаж, даян дэлхийн энх тайвныг сахиулах эрхэм үүргээ гүйцэтгэж эхлээд байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальон нь НҮБ-ын мандатад заагдсан үүргийн дагуу энхийн гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн зөрчлийг хянах, шалгах, илтгэх, орон нутгийн энгийн номхон иргэд болон НҮБ-ын ажилчдын аюулгүй байдлыг хангах, хууль бус зэвсгийн наймаа, хүн хулгайлах, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, иргэдийн үймээн самуун эмх замбараагүй үйлдлийг таслан зогсоох, эргүүл цувааны хамгаалалт, хүмүүнлэгийн болон тусламжийн арга хэмжээ зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах, баазын харуул хамгаалалтыг хүчжүүлэх, газрын болон агаарын эргүүл хийх зэргээр тайван замаар энхийг сахиулах журамт үүргээ биелүүлэх юм.
20 гаруй жилийн түүхтэй энхийг сахиулах ажиллагааны туршлага сургамжид үндэслэн тус цэргийн баг нь ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн энхийг сахиулагчдынхаа гэр бүлд чиглэсэн өдөрлөг болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах зорилгоор олон төрлийн нөлөөллийн аянуудыг зохион байгуулсан нь албан үүргээ нэр төртэй хоёргүй сэтгэлээр гүйцэтгэх нэг үндэс болсон гэж үзэж болно.
Мөн цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын бодлого, шийдвэрээр тус цэргийн багийн удирдлагын бүрэлдэхүүнийг өмнөх оны 11 дүгээр сард цэргийн багийн ээлж солилцох арга хэмжээнд оролцуулж улмаар энэ бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын даргын тушаалаар 12 дугаар сард байгуулсан “Судалгааны ажлын баг”-т хамруулж, цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг цаг алдалгүй хангах идэвхтэй оролцоог нь дэмжих нөхцөл бололцоог нээж өгснөөрөө онцлог байсан юм.
Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.ЭРДЭНЭБАТ