Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны дөрөвдүгээр цувраа 11 дүгээр сарын 09-ний өдөр эх орондоо газардсанаар цэргийн баг ийнхүү хилийн чанадаас бүрэн бүрэлдэхүүнээрээ ирлээ.
Энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар угтсан бөгөөд цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр “МИАТ” хөлгийн үүднээс Монгол Улс, Зэвсэгт хүчний дээд удирдлагын хүлээлгэсэн үүргийг цэргийн ёсоор нэр төртэй гүйцэтгэж ирснээ илтгэж, мэндчилэв.
Бригадын генерал Б.Баатар энхийг сахиулагч бүрд тусгайлан баяр хүргэн угтаж авахын сацуу үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн нисгэгч нарт “Монгол цэргийг эх оронд нь элэг бүтэн авчирсан явдалд маш их баярлалаа.Та бүхнийг Монгол цэргийн босоо цагаан хийморь үргэлж ивээж яваг ээ” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Үүний дараа энхийг сахиулагчдыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд үүрэг чиглэл өгөх, Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн эмч нарын сургалтад хамрууллаа. Бригадын генерал Б.Баатар цэргийн багийн дөрөвдүгээр цувраа хамгийн их ачаалалттай буюу хилийн чанадад дөнгөж очсон XIV ээлжийн мотобуудлагын батальоныг ажил үүрэгт нь зүгшрүүлэх, тайлан мэдээллээ нэгтгэж, танилцуулах зэрэг олон ажил гүйцэтгэснийг тодотгож, энхийг сахиулагчдыг төр засаг, салбараас олгогдох медаль гардуулах ёслол хүртэл дэг журам, сахилга баттай байж, эрүүл мэнддээ анхаарахыг захилаа. Хамгийн гол нь цэргийн баг нь элэг бүтэн, эрүүл саруул байж, өмнөх цэргийн багуудын адилаар үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн явдалд талархаж буйгаа тэр дахин дахин илэрхийлж байсан юм.
Энэ үеэр цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаярын сэтгэгдлийг хуваалцсан юм.
Энхийг сахиулагчдадаа баяр хүргэе. Өнөөдөр цэргийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо ирлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Баярлалаа. Эх орон, төр засаг, цэргийн мэргэжлийн дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг ажиллагааны газар оронд мөрдөгдөж байгаа мандатын дагуу мадаггүй гүйцэтгээд эх орондоо ирсэндээ баяртай байна. Бид ажиллагааны өмнөх бэлтгэл, жигдрэлтийг маш сайтар хангасан. Ажиллагааны газар орон дээр очсоноос хойш мөн бэлэн байдал, аюулгүй байдал, сахилга, зохион байгуулалт, сургалт бэлтгэл зэрэг үндсэн арга хэмжээгээ төлөвлөгөөний дагуу тасралтгүй явууллаа. Цагийн байдлын хувьд харьцангуй тогтвортой хэдий боловч 3-4 удаа 3 болон 14 хоногийн хугацаатай хурцадсан байдалд үүрэг гүйцэтгэлээ. Энэ үед Монгол цэргийн үүрэг гүйцэтгэх чадвар ямар вэ гэдгийг нотлон харуулж, ямар нэгэн эрсдэлгүйгээр тавигдсан үүргийг амжилттай биелүүлсэндээ баяртай байна.
Цэргийн багт UNMISS ажиллагааны хүчний командлагч онцгойлон талархал илэрхийлж, хүндтэй шагналаа гардуулсан. Энэ тухайд?
Манай цэргийн баг хүчний командлагчийн тушаалын дагуу хариуцлагынхаа бүсийн хойд хэсэгт түр ажиллагааны бааз байгуулж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Түр бааз байгуулсан нутаг нь өөрөө 2 улс, 3 мужийн заагт зөрчилдөөн ихтэй газар. Гэсэн хэдий ч Монгол цэргүүд 14 хоногийн хугацаанд түр баазаа төвхнүүлэн байгуулж, үүргээ гүйцэтгэж эхэлсэн, зөрчил мөргөлдөөн, гэмт хэргийн гаралт түүнийг дагаад эрс багассан. Энэ бол түр баазыг байгуулсан манай ротын захирагч болоод ротын бие бүрэлдэхүүн, тусгай мэргэжлийн алба хаагчдын гавьяа. Монгол цэрэг үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш харьцангуй тогтвортой нутаг болж, НҮБ болон орон нутгийн удирдлага, энгийн ард иргэд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа улам бүр бэхэжсэн явдалд UNMISS ажиллагааны хүчний командлагчаас талархлын жуух бичгээ гардуулсан нь тэр билээ.
Энэ завшаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэргийн багийн энхийг сахиулагч дайчин нөхдөдөө чин сэтгэлийн баяр хүргэж, гэр бүлд нь талархал илэрхийлье. Цэргийн багийг бүх талаас дэмжиж ажилласан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад баярлалаа.
Ахмад Д.БОЛОР
2024-11-10
овоо доо хүүхдүүд минь