COP 29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурал өнөөдөр Бүгд найрамдах Азербайжан улсын Баку хотноо эхэллээ.
Энэ сарын 11-22-ны өдрүүдэд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29-р бага хурал, түүнийг хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээрийн Талуудын хурал болон Конвенцын үндсэн хоёр байнгын хорооны нийт 5 хуралдаан нэгэн зэрэг зохион байгуулагдана.
COP29-ын Өндөр дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон төрийн болон хувийн хэвшил, ТББ, залуусын төлөөлөл оролцох юм.
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц НҮБУАӨСК /UNFCCC) -ыг Рио Дэ Жанейро хотноо 1992 онд байгуулж, Монгол Улс 1993 онд соёрхон баталсан. Энэхүү конвенц нь 1992 онд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулсан Earth Summit буюу Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан олон улсын байгаль орчны гэрээ, хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болж, өнөөдрийн байдлаар дэлхийн 197 орон нэгдэн орсон байна.
2. Конвенцын зорилго нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр ялгарч байгаа хүлэмжийн хийг эрчимтэйгээр бууруулж, агаар мандах дах хүлэмжийн хийн агууламжийг тэнцвэржүүлэхэд оршино. Цаг хугацаа алдах тусам уур амьсгалын өөрчлөлтөд байгалийн аясаар буюу аажмаар дасан зохицох буюу хүнсний үйлдвэрлэл, эдийн засгийг хөгжлийн тогтвортой байдалд сөрөг нөлөөгүйгээр дасан зохицох боломж алдагдах тул яаралтай арга хэмжээ авахыг онцолдог.
3. Дагалдан гарсан эрх зүйн баримт бичиг. Конвенцын зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд хоёр олон улсын гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Үүнд:
- Киотогийн Протокол (КП) / Kyoto Protocol 1997 онд Япон Улсын Киото хотод батлагдаж 2005 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байна; КП-д Монгол Улс нэгдэн орж 1999 оны 12 сарын 15-нд УИХ соёрхон баталсан. КП-д нэгдэн орсон хөгжингүй улс орнууд (Annex 1 countries) хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтыг дэвшүүлсэн; хөгжиж буй улс орнууд (Non-Annex 1 countries) сайн дураараа хүлэмжийн хийн ялгарлаа бууруулж болно. Нэгдэн орсон бүх улс орнууд Үндэсний хүлэмжийн хийн тооллогын тайлангаа хүргүүлэх үүрэгтэй.
- Парисын Хэлэлцээр (ПХ)/ Paris Agreement 2015 онд Парис хотноо батлагдаж 2020 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улс уг хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, 2016 оны 9 сарын 21-нд УИХ соёрхон баталсан. Парисын Хэлэлцээрийн зорилго нь дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2°С[1]аас доош барих, 1.5°С-т хязгаарлахад хүчин чармайлтыг гаргах юм. Хөгжингүй, хөгжиж буй ялгаагүй ПХ-т нэгдэн орсон бүх улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтыг тодорхойлж (Nationally Determined Contribution, NDC), зорилтоо 5 жил тутам ахиулж хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн.
2. Улс орнууд анхны зорилтоо 2015 онд, түүний дараагаар 2020 онд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо шинэчлэн тодорхойлж хүргүүлсэн бол 2025 оны эхний улиралд багтаан 3 дах удаагийн шинэчилсэн зорилтоо (NDC 3.0) хүргүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ зорилтын хэрэгжилтийг хөгжиж буй улс орнууд тухайлбал Монгол Улс – хоёр жил тутамд хэмжиж, баталгаажуулж, ил тод байдлаар тайлагнах ёстой.