Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын тойргийн хойд талд "Грийн ресурс констракшн" ХХК цэвэр усны шугам угсралтын ажил хийхдээ хороолол доторх чулуун замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, хуулж авсан зөрчилд хяналт шалгалт хийлээ.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зам, барилга, шугам угсралтын ажлыг хийхдээ зөвшөөрөлгүйгээр авто болон явган замыг сэтэлж, гэмтээж, хуулж авсан зэрэг зөрчилд газар дээрх хяналт шалгалтыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11 орчим газар авто замуудыг зөвшөөрөлгүй сэтэлсэн байна. Хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвлөлийн хурлаас зам сэтлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ жил бүрийн 4-10 дугаар сард хүсэлтийг авч шийдвэрлэдэг. Гэтэл тус компани нь эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр автомашины чулуун замын хавтангуудыг хуулж авсан байна” гэлээ.
"Грийн ресурс констракшн" ХХК-ийн захирал Ц.Ганзориг “Бид ажлыг гүйцэтгэх явцад чулуун шигтгэдэг хавтангуудыг хуулж авахаас аргагүй болсон. Үүнийг цаад тал нь ирэх 7 хоногтоо багтааж, авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр буцааж суурилуулна. Асуудлыг хариуцаж, засварлана” гэдгээ хэлэв.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй авто зам, замын байгууламжийг сэтэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль тогтоож, тухайн замыг хуучин буюу хэвийн байдалд нь оруулах хүртэл эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаврыг өгдөг байна.