Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024.11.19-ний өдөр гэр хороололд баригдсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдтэй танилцлаа. Ажлын хэсэг ногоон орон сууц, ногоон санхүүжилтийн бодлогын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн бүх талын оролцоог тэгш хангах, энэ талаарх нарийвчилсан судалгаануудтай танилцаж буй юм.  

Эхний очсон газар нь Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад барьсан долоон айлын тус бүр 60 ам метр талбай бүхий орон сууц байв. Нэг айлын газар дээр цэвэр ус, бохирын асуудлаа бүрэн шийдэн барьсан уг орон сууцыг “Hybrid house” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ гурван жилийн өмнө барьж ашиглалтад оруулжээ. Эдгээр айлын гурав нь ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд сардаа хэрэглээний цахилгааны зардалд 30-40 мянган төгрөг төлдөг бөгөөд халаалтын зардал бараг гардаггүй байна. Нарны илчийг шингээж өөртөө хуримтлуулж халаадаг, гаднаас шилэн цонхоор агаарыг бүлээсгэн оруулдаг, бие даасан дэд бүтцийн шийдэлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ийм амины орон сууцыг олноор нь барих бүрэн боломжтой. Гагцхүү хот төлөвлөлт тодорхойгүй, зээлийн эх үүсвэр дутагдалтай, ажиллах хүчний хүрэлцээ дутмаг, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг иж бүрэн дэмжих нэгдсэн бодлого байдаггүйн улмаас улирлын чанартай энэ төрлийн барилгын бизнес өргөжин тэлэхэд хүндрэл учирч байгаа талаар захирал Ц.Бат-Эрдэнэ өгүүлж байв. Тэрбээр гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийг амины орон сууцанд олгох, гэр хорооллын зорилтот бүсэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц баривал татвараас хөнгөлөх, дэд бүтцийн нөхөн олговор олгодог байх зэрэг төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг ажлын хэсэгт уламжиллаа. Мөн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, ногоон барилгын стандартыг батлах шаардлагатайг хэлэв. “Hybrid house” компани эрчим хүчний хэмнэлттэй хайбрид халаагуураас гадна амины орон сууц, таун хаус, нийтийн орон сууцны 230 орчим айлын барилга барьсан туршлагатай компани юм.

Дараагийн очсон газар бол “Юу Си Ди” ХХК-ийн санаачлан эхлүүлсэн, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн 21 дүгээр хороонд ашиглалтад оруулсан таван айлын орон сууц байв. 0,07 га газарт 70-80 ам метр талбай бүхий дөрвөн амины орон сууц барьж, хуучин нэг байрыг сэргээн засварлаж, гарааж, зогсоол, зам, тоглоомын болон сагсны талбай, ногоон байгууламжийг найман жилийн өмнө бүтээн байгуулжээ. Энэхүү амины орон сууц төвийн цахилгаан болон цэвэр усны шугамд холбогдсон, бие даасан бохирын цооногтой, сэргээгдэх эрчим хүч ашигладаг зэрэг давуу талтай. Үүний үр дүнд эдгээр айл өвөлдөө сард 114 мянган төгрөгийг халаалт болон хэрэглээний цахилгаанд төлдөг ажээ. “Зохицол” төсөл нь гэр хорооллын иргэдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг инженерийн дэд бүтэцтэй эко байгууламж болгон өөрчлөх, оршин суугчдыг нөхөрлөл болгон дэмжих зорилготой юм байна. Цаашид амины орон сууцны орчин нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчныг тодорхой болгоход төрөөс анхаарах шаардлагатайг уг төслийг санаачлагч, “Гүнд инвесмент” ХХК-ийн CEO Ж.Бат-Ирээдүй онцлов. 

Таны сурталчилгаа