Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм. Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм.
Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна.