УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.29/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон дагалдах хуулийн төслүүд хүчингүй болсон тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга Д.Цогтбаатар уншиж танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол дэгийн хуулийг дэмжих ёстой байсан. Засгийн газар 2025 оны төсвийг дахин боловсруулаад өргөн барихаас өөр аргагүй болж байна”, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “УИХ хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна. Энэ бол 126 гишүүнтэй парламент няхуур ажиллаж байгаагийн дохио, Засгийн газар үүн дээр анхаарах ёстой” гэлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн баталлаа.
Дараа нь “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах, арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал нар Засгийн газрын дахин өргөн барих төсвийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжиж санал хэллээ. “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах, арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.