Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин танилцууллаа.
2023 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын тоон үзүүлэлтээр гаргасан судалгаагаар нүүрс төрөгчийн дутуу исэл болон хүхэрлэг хий нь гэр хорооллоос, азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд илүү нөлөө үзүүлж байна гэж гарчээ.
Тоон судалгааг товч танилцуулбал:
PM 2.5 болон PM 10 тоосонцор гэр хорооллын хувьд 17.6 хувь, автомашинаас ялгарах нь 52.3 хувь, бусад 30.1 хувь байна.
Нүүрс төрөгчийн дутуу исэл гэр хорооллын хувьд 64.1 хувь, автомашинаас ялгарах нь 24.9 хувь, бусад 11 хувь байна.
Хүхэрлэг хий SO2 нь гэр хорооллын хувьд 71.7 хувь, автомашинаас ялгарах нь 3.8 хувь, бусад 24.5 хувь байна.
Азотын давхар исэл NO2 нь гэр хорооллын хувьд 28.2 хувь, автомашинаас ялгарах нь 63.2 хувь, бусад 8.6 хувийг эзэлж байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 2019 оноос өнөөдрийг хүртэл гэр хорооллын 200.000 айл өрхөд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэв. Мөн Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр нь 2 үйлдвэрээр жилд 200 мянга орчим өрх, 170 гаруй аж ахуй нэгж байгууллагын хэрэгцээнд зориулж 680 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийг алдалгүй ажиллуулах, сайжруулсан түлшний чанарыг сайжруулах туршилтын ажлуудыг эхлүүлжээ. Мөн эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангахаар дулааны 2, 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж нийт 750 мВт хүчин чадлаар, бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 10 байршилд байгуулж, Налайх дүүргийн дулааны станцыг барьж нийт 1545 мВт-ийн хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.