Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин танилцууллаа.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд зургаан төвүүдийг бий болгон, гэр хорооллын байршилд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж нийт 202.626 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41.584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148.323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12.719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч Т.Батцогт, төлөөлөгч Б.Золтуяа, төлөөлөгч Б.Эрдэнэсүх, төлөөлөгч З.Төмөртөмөө, төлөөлөгч Т.Отгонболд, төлөөлөгч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Б.Дөлгөөн нар агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй судалгаа хийсэн эсэх, сайжруулсан шахмал түлшийг цаашид хэрэглэх эсэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх богино болон урт хугацааны бодлогын талаар асуулт тавьж, санал хэллээ.
Төлөөлөгчдийн асуултад холбогдох албаныхан мэдээлэл өгсөн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Агаарын бохирдлоос шууд нөлөөлсөн өвчлөл байна гэсэн судалгаа бол хийгдээгүй. Хавдар, зүрх судасны өвчлөл ихэссэн. Гэхдээ агаарын бохирдлоос шууд хамааралтай гэж хэлэх нь учиртай дутагдалтай” гэсэн тайлбар хийв.
Харин цаашид авч хэрэгжүүлэх гол бодлогын талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин сайжруулсан түлшний чанарыг сайжруулах судалгаа хийгдэж байгаа талаар, угаартаж буй иргэдийн тоог бууруулах, цаашлаад нүүрс түлэхгүй, ашиглахгүй байх бодлого барьж буй гэдгийг онцоллоо. Сэргээгдэх эрчим хүч болон зургаан дэд төвүүд, дахин төлөвлөлт болон бусад эх үүсвэрээр орон сууцжуулах ажлыг бодлогын хүрээнд эрчимжүүлнэ гэдгийг дурдлаа.