Цаг үеийн мэдээ

АЛДАРТ "ЦЭРЭГ БҮЖГИЙН ЧУУЛБАР" 50 НАС ХҮРЛЭЭ

Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 92 дахь жилийн өвөл цагийн нээлтийн цуврал тоглолтууд үргэлжилж, үзэгч олон түмний талархлыг хүлээсээр байна.

Өнөөдөр тус чуулгын бүжигчид үе үеийн ахмад уран бүтээлчдийнхээ хамт алдарт “Цэрэг бүжгийн чуулбар” бүжгийнхээ 50 насны ойг ёслон тэмдэглэж, уран бүтээлийн тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барьсан юм. Тайзнаа хагас зууныг элээн тоглогдож байгаа энэхүү бүжгийг тоглолтын эхэнд чуулгын өнөө цагийн бүжигчид бүжиглэж сонирхуулсан бол төгсгөлд нь цэргийн бүжигчдийн ирээдүйн өнгө, залуу халаа Монгол Улсын консерваторийн Ардын бүжгийн 2 дугаар дамжааны оюутнууд бүжиглэсэн нь “Цэрэг бүжгийн чуулбар” цаашдаа ч мөнхөд амьдарч, уран бүтээлчдийн ид хав, ур чадварыг сорьсоор байх билэгтэй сайхан утгыг агуулжээ. 

Цэргийн бүжигчид тоглолтынхоо үеэр "Цэрэг бүжгийн чуулбар"-ын хөгжмийг зохиосон Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач, хөгжмийн зохиолч Ш.Гун-Аажав, чуулгатайгаа нас чацуу нэрт бүжиг дэглээч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ламжав болон үе үеийн бүжигчин ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. 

Цэргийн чуулгын урын сангийн өв их соёл “Морьт цэрэг”, “Цэнхэр дурдан алчуур”, “Эх орны цэрэг” зэрэг бүтээлүүдээс гадна өнөө цагийн бүжиг дэглээч МУСТА Л.Баттөр, О.Ууганбаяр, Ш.Дамдинбазар, Х.Юүлэхорол нарын дэглэсэн "Бай", "Бичээч", "Цэрэг донж", "Ажиллагаа" зэрэг цэрэг эх орон, энхийг сахиулах үйлс, иргэний сэдэвтэй олон бүтээл энэ орой үзэгчдийн сэтгэлийг баясгалаа.

Таны сурталчилгаа