Цаг үеийн мэдээ

Дотоодын цэргийн байгууллагад татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид эх орон, ард түмнийхээ өмнө үнэнчийн баталгаа болсон “Цэргийн тангараг”-аа өчигдөр нэр төртэйгөөр өргөлөө. 

Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул нар оролцсон юм.

Дотоодын цэргийн байгууллага нь 103 жилийн түүхтэй бөгөөд мэргэшсэн, чадварлаг бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаандаа хууль ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдлэх, шуурхай тасралтгүй байх зарчмыг баримтлан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ иргэдэд "цэрэг эх-оронч үзэл", хүмүүжил олгож, эр цэргийг бэлтгэх залгамж холбоог үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. 

Ийнхүү хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил олгож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчаар бэлтгэх, мөн авто засварчин, цахилгаанчин, гагнуурчин, токерчин, барилгын засал чимэглэлчин зэрэг нийгэмд эрэлттэй 8 мэргэжлээс сонгон эзэмшүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, Монгол банктай хамтран санхүүгийн мэдлэг, боловсрол олгож, залуу үеийнхнийхээ ажил, амьдралын гарааг зөвөөр эхлүүлэхийг зорин ажиллаж байна.

Таны сурталчилгаа