Улс орон даяар өвөлжилт, хаваржилтын бэлэн байдлын үнэлгээ хийх, малчид, хоршоологчдоо сонсох, санал хүсэлтийг нь авах, зөвлөн туслах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгүүд 330 суманд ажиллаж эхэллээ.
Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаал гарч зудын эрсдэлийн үнэлгээ хийх, Шинэ хоршоо хөдөлгөөний хоршоологчдын санал хүсэлтийг авах Шуурхай бүлгүүд сум бүрд ажиллахаар болсон билээ.
Хамгийн эхний Шуурхай бүлгүүд хөдөллөө.
Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын захирамж гарч 3 Шуурхай бүлэг Шивээ-Говь, Баянтал, Сүмбэр сумдад ажиллахаар өнөөдөр мордлоо.
Говь-Сүмбэр аймгийн тухайд нийт 220 хоршоологч 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, хашаа хороогоо сайжруулах, хадлан, өвс, ногоон тэжээл бэлтгэх, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна.