Цаг үеийн мэдээ

Монгол улсын засгийн газраас 2025 оны улсын төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн 3.7-д “жил бүрийн улсын төсвийн төсөл боловсруулахад нийгмийн түншлэлийн талуудын саналыг авна” гэсэн заалтыг үндэслэн дараах саналыг дахин хүргүүллээ. 

1.Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан салбарын хэлэлцээрээр “...цалин хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх”, Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамтын хэлэлцээрээр “... дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэх”, Соёл урлагийн салбарын хамтын хэлэлцээрээр “... цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх”-ээр тус тус тохиролцсон байна. 

Иймд төрийн албан хаагчдын цалин хөлсийг улсын хэмжээнд 20 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх.

2.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгах.

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг улсын төсвийн зарлагын эдийн засгийн ангилалд тусгайлан ангилал болгон оруулж ХАБЭА тухай хуулийн 26.2 дах заалтыг бүрэн хэрэгжүүлэх.

4.Үнийн өсөлтөөс үүдсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хөрөнгийн эх үүсвэрийг тусгах.

5.Ажлын байрыг нэмэгдүүлж байгаа бичил, жижиг хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгч үйлдвэрлэгчдэд төрөөс зээл, татварын хөнгөлөлт үзүүлж, худалдан авалтыг дэмжсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх.

Таны сурталчилгаа