Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Элчин сайдуудын томилгоо явагдаж байгаа гэсэн. Ямар хүмүүсийг томилсон талаар мэдээлэл өгөөч?
-Ийм мэдээлэл гарсан байна лээ. Энэ ор үндэслэлгүй мэдээлэл. Одоогоор ямар ч улс төрийн томилгоо хийсэн шийдвэрүүд гараагүй байгаа. Хамтарсан Засгийн газрын шийдвэрийн хүрээнд гурван газар Засгийн газрыг бүрдүүлж буй гурван намаас нэг, нэг хүнийг улс төрийн томилгоо хийе гэдэг шийдвэр гарсан. Мэдээж зөвшилцөнө. Шийдвэр эцэслэж гараагүй. Хонгконгод суух ерөнхий консул, Солонгосын Бусанд суух консул, БНХАУ-ын Эрээн хотод суух консул гэсэн гурван орон тоон дээр гурван намаас тус тус нэг, нэг хүн дэвшүүлсэн. Дэвшүүлсэн улсууд нь өөрсдөө явах сонирхлоо илэрхийлсний үндсэн дээр нам улс төрийн хүчнийх нь гаргасан шийдвэр байх. Түүнийг хамтарсан Засгийн газрын шийдвэрээр шийдсэн. Гэхдээ хараахан эцэслээгүй. Хонгконгод Одбаяр, Бусанд Жадамбаа, Эрээнд Лхагвадорж гэсэн гурван хүн байгаа. Бусад нь мэдээлэл нь худлаа.
-Ямар шалгуураар эдгээр хүмүүсийг сонгосон бэ?
-Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд ихэвчлэн дипломатууд, мэргэжлийн улсууд томилогддог. Мэдээж гадаад хэлний зохих мэдлэгтэй байх ёстой. Англи хэл суурь хэл. Олон улсын жишиг бол 30 хувьд нь улс төр, өөр салбарын хүмүүс томилогддог практик байдаг. Энэ хамтарсан Засгийн газрын шийдвэр учраас Засгийн газрын гишүүний хувиар судалж үзээд үүрэг даалгавраа биелүүлэх ёстой.
-2025 онд гуч гаруй Элчин сайдыг томилно гэх мэдээллийг үгүйсгэлээ. Тэгэхээр хэчнээн Элчин сайд томилогдохоор байгаа вэ?
-Ирэх жил 23 элчин сайдын томилгоо хийгдэнэ. Гэхдээ яг 23 хийгдэх үгүйг одоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан томилогдсон хугацаанаас нь тооцвол 23 элчин сайдын томилгоо дуусаж байгаа.