Онцгой байдлын алба өчигдөр буюу 12 дугаар сарын 02-ны өдөр гол, нуурын мөс цөмөрч автомашинтайгаа суусан 2 дуудлага мэдээллээр ажиллажээ. Тодруулбал:
Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тасгийн гүүрний хажууд /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/ “Даршид”-ын голын мөс цөмөрч 2 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12 сарын 02-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргаж, Жаргалант сумын хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Мөн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Булангийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүг 50 км/ “Хар Ус” нуурын мөс цөмөрч 3 зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12 сарын 02-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.