Цаг үеийн мэдээ

Шанхай хотод 5 Монгол оюутан хоригдсон асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. 

-БНХАУ-д эрүүгийн хэрэгт холбогдуулан Монгол Улсын иргэнийг шалгаж байгаа. Тус хэрэг ямар шатандаа явж байгаа бол? 

-Хилийн чанадад Монгол Улсын 215 мянган иргэн 87 улсад ажиллаж, амьдарч байна. Гадаадыг зорьж байгаа иргэд тухайн улсынхаа хуулийг судлах, очоод хариуцлагатай байх ёстой. Манай иргэд өөрсдөө их хэнэггүй. Өөрийн хувийн сахилга батаас болж олон асуудал гардаг. Осолд орж гэмтэх бэртэх, амь насаа алдах, зам тээврийн осол, үйлдвэрийн осолд өртдөг. Архи ууж хоорондоо зодолдох, бие биеэ гэмтээх, нэгнийхээ аминд хүрэх, хар тамхи, хулгайн хэрэг зэрэг гэмт хэрэгт нэлээд холбогддог. Иргэддээ энэ талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн ч тухайн оронд гэмт хэрэгт өртөх, оролцох явдал их байна. Шанхай хотод таван оюутан нийлж Мароккогийн оюутнуудтай зодолдсон хэрэг гарсан. Тэдгээр оюутнуудыг хорьчихсон. Шанхай хотод суугаа ерөнхий консул ар гэрийнхэнд нь мэдээлэл өгч, ар гэрийнхэн нь тэнд очоод өмгөөлөгч авсан. Эрүүгийн хэрэг үүссэн учраас шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Бидний зүгээс оюутнуудтайгаа /өнөөдөр/ уулзана. Эцэг, эхчүүд нь оччихсон, өмгөөлөгч нь ажиллаж байна. Хохирсон гэх Мароккогийн оюутнууд гэмтэл бэртэл ихтэй гэсэн мэдээлэл авсан. 

-Хятадын Хайнань аралд нас барсан эмэгтэйн хэрэг юу болж байгаа бол? 

-Хэрэг нь шалгагдаж байгаа. Эхний байдлаар Хятадын хууль зүйн яамнаас өгсөн мэдээллээр иргэн амиа хорлосон гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг хэлсэн. Ар гэрийнхэн болон манай Элчин сайдын яам, консулууд энэ асуудалд анхаарал хандуулж байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. 

Таны сурталчилгаа