БНСУ-ын хууль тогтоогчид лхагва гарагт ерөнхийлөгч Юн Сук Ёлыг дайны байдал зарласных нь дараа түүнийг огцруулахыг уриалжээ. Энэ нь Азид дөрөвт тооцогддог том эдийн засагтай тус улсын хувьд сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй улс төрийн томоохон хямралыг үүсгээд байна.
Мягмар гарагт хийсэн ерөнхийлөгчийн гэнэтийн мэдэгдэл нь түүний улс төрийн үйл ажиллагааг хориглох, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тавих оролдлого хэмээн парламент эсэргүүцсэн тул зэвсэгт цэргүүд Сөүл дэх Үндэсний ассамблейн байр руу хүч түрэн орж ирсэн юм.
Сөрөг хүчний намуудын хууль тогтоогчдын эвсэл лхагва гарагт Юныг огцруулах тухай хуулийн төслийг баталж ирэх 72 цагийн дотор санал хураалт явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Эрх баригч нам болох Юны Ардын хүчний намын дарга мэдэгдэлдээ Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг ажлаас нь халж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь огцруулахыг уриаллаа.
Мягмар гарагийн орой ерөнхийлөгч Юн телевизээр үг хэлэхдээ цөмийн зэвсэгтэй Хойд Солонгос болон тэдний дэмжигч улсуудаас эх орноо хамгаалж, үндсэн хуулийн дагуух эрх чөлөөгөө сахин хамгаалахын тулд цэргийн дэглэм шаардлагатай гэж мэдэгдсэн ч, яг тодорхой аюул заналын талаар дурдаагүй юм.
Дуулгатай цэргүүд парламентын ордон руу авирч хагарсан цонхны завсраар нэвтэрч орж байгаа бөгөөд цэргийн нисдэг тэрэгнүүд ордны дээгүүр эргэлдэж эмх замбараагүй байдал үүсээд байна. Парламентын гишүүдийн туслахууд цэргүүдийг оруулахгүйн тулд өөдөөс нь гал унтраагчаар шүршиж, мөн гадаа жагсагчид цагдаа нартай сөргөлдөөн үүсгээд байгаа аж.
Эх сурвалж: reuters.com