Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2024.12.03/ НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хурлаар Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд танилцуулсан Авто тээврийн болон өөрийн өмчийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид санал хэлж асуулт асуув. 

Төлөөлөгч Л.Хосбаяр: 

Нийслэлийн 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр Үндэсний Аудитын газраас үргүй зардлыг бууруулах тухай, зардал бууруулахтай холбоотой зураг төсөвгүй төсөл арга хэмжээг хасах зөвлөмж ирүүлсэн. Энэ зөвлөмжийг мөрдөв үү. Хоёрдугаарт, сургуулийн хүртээмж нэмэгдүүлэхтэй холбоотой төсөв хуваарилсан уу. Манай Хан-Уул дүүрэгт гэхэд л  үнэхээр улсын сургууль байхгүй. Улсдаа ганц гэж хэлж болох тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 29 дүгээр сургууль нурахад бэлэн байна. Нэг ангид 60 хүүхэд суралцаж байна. Урсгал засвар хийгээд өнгөрөх биш, өргөтгөх шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд тусгай хэрэгцээт долоон сургууль бий. Бүгд 50-иас дээш жилийн насжилттай. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад хэчнээн төгрөгийн төсөв суулгав.Гуравдугаарт, ЕБС-ийн сурагчдад өгч байгаа “Сүү” хөтөлбөр хэрэгжих үү. 

ЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин:

Төрийн аудитын газраас нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд санал дүгнэлт гаргасан. 63 дугаар сургуулийн их засварын тухайд, 2025 оны нийслэлийн төсвийн хэрэгжилт хөрөнгө оруулалтын жагсаалтад эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажилд 20 тэрбум төгрөг төлөвлөсөн. Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн 488 барилга байна. Энэ 488 барилгын 70 хувь 30-40 жилийн насжилттай учраас зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Энэ 488 барилгаас 207 барилга дээр нийтдээ 67,1 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийх хэрэгцээ байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Хотын дарга ямар чиглэл барьж байгаа вэ гэхээр нийгмийн салбарт энэ сургууль цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулахад тусгайлсан бодлого зохицуулалт гаргаж дэмжиж ажиллая. Санхүүжих төсвийг нэмэгдүүлье, засвар үйлчилгээ хийх зохион байгуулалтыг дүүрэг орон нутагтайгаа нийлж илүү хурдан хугацаанд шуурхай хийхэд нь анхааръя гэж байгаа. “Сүү” хөтөлбөрийн тухайд, нийслэлийн 12 сургуулийн бага ангийн 11785 хүүхэд, дунд ангийн 6418 хүүхэд, ахлах ангийн 637 хүүхэд, нийт 18840 сурагч хамрагдсан байна. НЗД-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийн талаар баримтлах 11 зорилт орсон. Үүний 11 дэх нь “Сүү” хөтөлбөр.

Таны сурталчилгаа