Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвийн танилцуулгыг хийлээ.
Төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 28 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 17, бодлогоор гүйцэтгэх аудитын 11 сэдэв байна. Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Өрийн удирдлагын тухай, Газрын тосны тухай, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”, “Газрын тосны өр өртөг, нөхөгдөх зардал баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” зэрэг сэдвээр аудитыг гүйцэтгэнэ.
Төсөлд хүргүүлсэн аудитын сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагт дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж гүйцэтгэх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.
Төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гаргах, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан, хөдөө аж ахуйг дэмжих корпорацын үйл ажиллагаа, мөн эрсдэлд орсон арилжааны банкнууд дахь Төрийн сан, Засгийн газрын тусгай сангуудын болон төрийн, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байршуулсан хөрөнгө эрсдэлд орсон талаар гүйцэтгэлийн аудит хийлгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалт болон үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, үр дүнд гүйцэтгэл, нийцлийн аудит хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь тус тус дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа эм, эмийн хэрэгслийн агентлагийн үйл ажиллагаа болон хураамж, торгуулийн орлогын зарцуулалтад аудит хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган Аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжив.