Улсын аварга шалгаруулах үсчин, гоо сайхан, хумс, дизайн урлалын XXVI их наадам өчигдөр (2024.12.03) Дархан хотод зохион байгуулагдлаа.
Монголын үсчин, гоо засалчдын анхдагчдын холбоо санаачилж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэмжлэгтэйгээр энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тус тэмцээнд Улаанбаатар хот, 15 аймгийн 180 гаруй оролцогч 23 төрөлд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний,
“Эрэгтэй үс засалч” төрлийн гран при шагналыг УБ хот “М” салон - Баярцэцэг
“Эмэгтэй үс засалч” төрлийн гран при шагналыг Уб хот “Пүүжээ” салон - Батцогт
“Нүүр будагч” төрлийн гран при шагналыг УБ хот Сити их сургууль - Оюунгэрэл
“Хумс урлал” төрлийн гран при шагналыг Эрдэнэт хот - Г.Мөнхзаяа
“Сормуус урлал” төрлийн гран при шагналыг УБ хот “Азаа” салон - Халиун нар хүртсэн бол Шилдэг Үсчин, гоо сайханчдын холбоогоор Орхон аймаг шалгарсан байна. ХXVI Улсын аварга шалгаруулах тэмцээнд Ази тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн үсчин, гоо засалч, хумс засалчид оролцсон юм. Үс болон гоо сайхны дэлхийн чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэх, туршлага солилцох, үсний шинэ загварын тайралт, самналт, сонгомол хэлбэржүүлэлт, хумс урлал, үйлчилгээний технологиос харилцан суралцах, туршлага солилцох том боломж нь улсын аварга шалгаруулах тэмцээн байдаг аж.
Монголын үсчин гоо сайханчдын холбоо 1998 оноос хойш улсын аварга шалгаруулах мэргэжлийн тэмцээнийг уламжлан болгон хоёр жилд 1 удаа 20-23 төрлөөр зохион байгуулж нийт 12000 гаруй үсчин, гоо сайханчид оролцож байжээ. Мөн 2024 оны 10 дугаар сард Камбож улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс 18 медаль хүртсэн амжилтаараа цомын эзэд болсон билээ.