Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан И.Энхболдтой ярилцлаа.
-Өчигдөр орой БНСУ-д үүссэн нөхцөл байдлыг та олон улс судлаачийн хувьд юу гэж харж байна вэ. Гэнэт ардчилсан улсад цэргийн онцгой байдал тогтоож болдог юм уу?
-Гэнэтийн нөхцөл байдал үүссэн л дээ. Тийм шийдвэр гаргахад туслахууд нь юу хийж байсан бэ гэдэг нь сонин. Туслахууддаа хэлээгүй юм уу, гарах үр дагаврыг нь зөвлөөгүй юм уу, эдийн засаг нийгмийн олон сөрөг дагавартай асуудал үүссэн. Сургууль, цэцэрлэг бүгд зогсоно. Парламент хүртэл зогсоно. Бараг дайны өмнөх үеийн нөхцөл байдал. Тийм байдалд улсаа хүргэлээ. Солонгосын ерөнхийлөгч нийтдээ арваад туслахтай. Тэдгээр туслахууд нь юу хийж байсан бэ гэдэг нь сонин. Тэдгээр туслахууд нь бүгд ерөнхийлөгчийнхөө эсрэг санал өгсөн байна лээ. Тэгэхээр ганцаараа бие дааж шийдвэр гаргав уу гэсэн таамаглалтай байна. Яг цаад нарийн учир нь юу юм бэ, яагаад гэнэт онц дэглэм зарлах болов гэдэг нь учир битүүлэг л байна.
-Эсрэг намынхны үйл ажиллагааг буруутгасан өнцөг харагдсан л даа. Тухайн байр суурийг нь юу гэж тайлбарлах уу?
-Өөрийнх нь хэлж байгаагаар хойд солонгосчууд асуудал үүсгэх нь гэсэн байна лээ. Нөгөөх нь Засгийн газрын үйл ажиллагааг сөрөг хүчнийхэн орхигдуулж байна гэсэн хоёр үндэслэл харагдсан. Одоо үндэсний ассамбейлийнх нь үүдэнд жагсаал үргэлжилж сөрөг хүчнийхэн нь ерөнхийлөгчөө буцааж татах санал өгчихсөн байна. Үүнийг авч хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг одоо хэлэлцэх байх. Хэрвээ үүнийг авч хэлэлцэнэ гэвэл ерөнхийлөгч нь бараг унах болов уу. Яагаад гэвэл нэр хүнд нь 17 хувьтай. Дээрээс нь гэнэтийн шийдвэр гаргаад дэлхий нийтийг бужигнуулчихлаа. Холбоотон улсууд нь бүгд бидэнд мэдэхгүй зарлалаа гэдэг үндэслэлээр хандаж байна. Тухайн онц байдал нь дайны үеийн онцгой нөхцөл байдалд хүргэсэн. Бүх цэрэг хүчний байгууллага нь бэлэн байдалд, байлдааны онгоцнууд нь бэлэн байдалд ороод дайнд бэлэн болсон. Олон улс үүнийг нь холбоотнууддаа мэдэгдэхгүй бол болохгүй асуудал гэж дүгнэсэн байна лээ. Жон Байдэн хэлсэн байна лээ. БНСУ бидний холбоотон улс хэвээрээ. Та нарын талд шүү гэдгээ мэдэгдсэн байна. Монголчууд ч бас бужигналаа шүү дээ. Зөвхөн монгол ч биш тэнд байсан гадаадын иргэд бүгд л бужигналаа.
-Шөнө парламент нь шуурхай хуралдаж яаралтай цуцлах шийдвэр гаргасан шүү дээ. Хэрэв яаралтай хуралдаж амжаагүй бол яах вэ?
-Хэрэв яаралтай хуралдаж амжаагүй бол их эрсдэлтэй. Тэрхүү дэглэм нь яаралтай номер 1 буюу нэгдүгээр түвшний цэргийн аюулгүй байдлын түвшин зарлачихсан. Тэгэхээр парламент нь хуралдаж чадахаа болино. Олон нийтийн бүх арга хэмжээ зогсоно. Ялангуяа хэвлэл мэдээллийг бүгдийг нь хаана. Бүгдийг нь хаачихаар мэдээлэл гарахгүй. Парламент нь өөрөө хуралдаж чадахгүй гэдэг нь маш том асуудал. Тиймээс парламент нь маш яаралтай хуралдсан. Шөнө ч байсан хамаагүй 330 гишүүнээс 190 нь оролцсон байна лээ. Тэр дотор өөрийнх нь намын гишүүд ч байсан. Өөрийнх нь туслахууд ч байсан. Бүгд ерөнхийлөгчөө эсэргүүцэж санал өгсөн байна лээ.
-Үйл явдал цааш хэрхэн өрнөх бол?
-Сөрөг хүчин нь ерөнхийлөгчөө татах санал өгчихсөн. Түүнийг хэлэлцэх байх. Хэрэв хэлэлцэхгүй гэвэл гадаа нь цугласан жагсаал бүр хүчээ авч, хурцадмал байдалд хүрэх байх. Жагсаал цуглаан нь тайван бус байдалд хүрвэл солонгос улс ямар нийгэмтэй билээ. Хэцүү байдалд орох байх. Тэгэхээр энэ асуудлыг хэлэлцэж байж байдлыг намжаах байх. Хэлэлцээд эхлэх юм бол намынхан нь өөрийнх нь эсрэг санал өгчихсөн учраас унах магадлал их болчхож байгаа юм. Ийм таамаглалтай байна.
-Тэгэхээр нэгэнт хэлэлцэж эхэлбэл ерөнхийлөгч нь унах байх. Дараагийн ерөнхийлөгч нь аль намаас гарах бол гэсэн таамаг байна вэ?
-Одоогийн ерөнхийлөгч Ард түмний хүч намаас гарсан. Хоёр намын эвсэл. Хэрэв ерөнхийлөгч татагдаад дахин сонгууль явбал энэ эвслээс гарахгүй байх. Ардчилсан намаас гарах болов уу. Ардчилсан намаас ерөнхийлөгч гарчихвал АНУ-тай харилцаа нь яах бол гэсэн эргэлзээ байна. Яагаад гэвэл АНУ-д Бүгд найрамдах намаас ерөнхийлөгч гарчихлаа шүү дээ. Хоёр өөр үзэл бодолтой намууд хэр зэрэг таарч тохирч ажиллах бол гэдэг бас эргэлзээтэй асуудал л даа.
С.ОТГОНБАЯР