Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн тааз нурж бага ангийн сурагч гэмтжээ. Энэ талаар тус сургуулийн захирал М.Ганзоригоос тодрууллаа.
-Сургуулийн тааз нурж бага насны хүүхэд гэмтсэн талаар мэдээлэл өгөөч?
-Манай сургуулийн барилга 1969 онд ашиглалтад орсон. 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 18:20 цагт нэг давхрын таазанд 2 м гаруй газарт нуралт үүссэн. Бөхийн секцдээ орохоор явж байсан хүүхэд коридорт алхаж яваад толгойдоо цохиулсан. Яаралтай тусламж дуудан сумын эмч ирж анхны тусламж үзүүлсэн. Тухайн нуралт яс руу ороогүй. Хуйх язарсан байдалтай таван оёдол тавьсан байна. Ингээд аймаг, сум орон нутгийн онцгой комиссоо хуралдуулаад хүүхдийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэн эмчлүүлсэн. Толгой доргилттой байна гэсэн. Өнөөдөр сумын эмнэлэг рүү шилжсэн. Ар гэртэй нь байнга холбоотой байгаа. Хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмчилгээ үргэлжилж байна. Үүгээр зогсохгүй цаашдаа нийслэл рүү явуулж нарийн шинжилгээ хийлгэж, зураг авхуулж эмчлүүлнэ. Цаашдаа гарах сөрөг үр дагавраас сэргийлж дараа дараагийн эмчилгээг хийлгэнэ.
-Сургуульд хамгийн сүүлд хэзээ засвар хийсэн юм бол?
-2019 онд засвар хийгдсэн. Аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлт нь сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн. Аймгийн онцгой комисс, сумын онцгой комисс шат шатандаа шуурхай хуралдаад өнөөдөр аймгийн орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг дараагийн шатны арга хэмжээг авахаар ажиллаж байна.
-Сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэхээр нураагаад дахин шинэ барилга барина гэсэн үг үү?
-Тийм. Тэгэхээр хүүхдүүдийн танхимаар хичээллэх боломж нөхцөл нь яах билээ. Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй ямар арга хэмжээ авах вэ гэдэг аймгийн комиссын шийдвэр нь гарах шиг боллоо. Энэ хичээлийн жилийг түрээсийн байранд орох уу, өөр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлчих шиг боллоо. Сургуулийн шинэ барилгын зураг төслийг гаргаж, 2025 онд сургуулийн барилгыг шинэчлэх төсвийг тусгана гэдэг шийдвэр гаргачих шиг болсон.
-Өнөөдөр хүүхдүүд танхимаар хичээллэсэн үү?
-Манай сум хоёр сургуультай. 6-11 ангийнхан Хоёрдугаар сургуульд хичээллэсэн. Ахлах ангиуд хоол үйлдвэрлэлийн заал шинээр баригдсан байсан. Тэнд хичээллэж байна. 1-5 дугаар анги өнөөдрийн байдлаар цахимаар хичээл нь орсон.
-Танай сургууль нийт хэдэн сурагчтай вэ. Багш ажилтан нь бас хэд бий вэ?
-Манай хичээлийн байр 440 хүүхдийн багтаамжтай. Энэ хичээлийн жилд 1420 хүүхэд хичээллэж, 92 багш ажилтантай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
-Өмнө нь сургуульд ямар нэгэн байдлаар нурж, цууралт үүсэж байсан уу? Хүүхэд гэмтсэн өөр тохиолдол гарч байв уу?
-Яг ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Хуучин барилга учраас шавар нь нурах, цууралт үүсэх тохиолдол гарч байсан.
С.ОТГОНБАЯР