Цаг үеийн мэдээ

Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. 

Дэлхийн 197 улс орон, үүний дээр Европын Холбоо нэгдэж, хүрээлэн буй орчныг хамгаалах, нөгөө талаас хөгжлийн төлөө газрын нөөц, баялгийг тогтвортой удирдах зэрэг асуудлын уялдаа холбоог зохицуулах зорилго бүхий заавал биелүүлэх цорын ганц олон улсын гэрээг 1994 онд соёрхон баталж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, багасгах болон үйл явцыг зогсоох, хүн төрөлхтний оршин тогтнох амин чухал ач холбогдолтой газрын нөөцийн тогтвортой хүртээмжийг хангах зорилгоор газрын нөөцийг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах тухай даян дэлхийн дуу хоолой юм.

Эр-Рияд хотноо үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар бага хурал нь “бидний газар бидний ирээдүй” уриалга дор олон улс, орнуудын засгийн газрын тэргүүлэгчид, хувийн хэвшил, дэлхийн өнцөг, булан бүрийн иргэний нийгэмлэг болон сонирхогч талуудыг нэгтгэж, дэлхий даяар газрын нөөц, баялгийг тогтвортой удирдан зохион байгуулах салбарт гаргах амжилт, дэвшилтийг түргэсгэхээр чуулж байна.  

Талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2024.12.03/ “Газрыг нөхөн сэргээхэд төр болон хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсыг төлөөлөн үг хэлэв.

Тэрээр Талуудын бага хуралд оролцогч нийт төлөөлөгчдөд хандан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны салбарт Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Үндэсний хөтөлбөр, хөдөлгөөний талаар илтгэж, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн ирээдүйн төлөөх даян дэлхийн эвсэл”-ийг байгуулахыг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсад хандан уриаллаа.

Таны сурталчилгаа