Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

-2025 оны төсөвт Хавдрын эмнэлгийн төсөв тусгагдсан уу? 

-Төвлөрлийг сааруулах талаасаа СХД-т барихаар төлөвлөсөн. Улаанбаатар хотынхоо баруун зүгт баригдах нь зүйтэй. Хавдар судлалын хоёр эмнэлэг барих 10 га газрын асуудал шийдэгдчихсэн. Зураг төслийн ажил эхэлчихсэн явж байгаа учраас ирэх оны төсөвт дэд бүтцийн ажил, барилгыг эхлүүлэх эхний төсөв мөнгөө шийдүүлээд 7.9 тэрбум төгрөгийг тусгасан байдлаар ирэх оны төсөвт өргөн баригдаж байгаа. Барилга нь хамгийн багадаа 3-4 жил баригдах болов уу гэж тооцоолж байгаа. Тэр хүртэл бид хавдрын тусламж үйлчилгээг тэдгээр хүмүүс амьдарч байгаа бүс нутагтаа тусламж үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлсэн бодлогоо явуулах нь чухал болов уу гэж харж байна. Бид аливаа асуудлыг шийдэхдээ төвлөрсөн нэг төв байгуулж, түүн дээрээ улс даяараа ирж бөөгнөрч, эмчилгээ үйлчилгээ авдаг энэ тогтолцооноосоо салах ёстой. Тиймээс аймаг орон нутгуудын хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах ёстой. Энэ тусламж үйлчилгээг үзүүлэх техник тоног төхөөрөмжөөр хангах 45 тэрбум төгрөгийг орон нутагт суулгаж өгсөн. Бид цаашдаа барилга байгууламж худалдаж авах гэхээсээ илүү аймаг дүүргүүддээ тусламж үйлчилгээг өргөжүүлье гэдэг бодлого баримталж байна. ХСҮТ-ийн хашаанд баригдсан Дөрөвдүгээр эмнэлэг нь өөрөө Хөгжлийн банкны барьцаанд хураагдчихсан. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны ч өмч биш. Дөрөвдүгээр эмнэлгийнхээ ч өмч биш. Түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь санхүү хөрөнгө мөнгөний асуудал их байгаа учраас улсын эрүүл мэндийн салбарт ямар нэгэн байдлаар худалдаж авах боломж одоогоор байхгүй. Үнэлгээнээс нь авхуулаад асуудалтай зүйлүүд их байгаа учраас үүнийг улсын хавдрын эмнэлэг болгож худалдаж авах боломжгүй юм аа гэж үзсэн.  

-Дараагийн эмнэлэг баригдтал бид жилдээ 4000 гаруй хүний амиар хүлээнэ гэсэн агуулгаар гишүүдээс гарын үсэг цуглуулсан. Үнэхээр тэгж хүлээх эрсдэл бий юу? 

-Эмнэлэг баригдтал хүмүүс жилдээ 4000-5000 мянгаараа өвчлөөд, үхээд байна гэсэн үг биш. Яаж ард иргэдээ хавдар тусгахгүй байх вэ гэдэг бодлого чухал. Улс даяар, аймаг, орон нутаг, дүүрэгт хэрхэн яаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах тогтолцоог бүрдүүлэх вэ гэдэг нь чухал. Түрүүн хэлсэн амьдарч байгаа орон нутагтаа тусламж үйлчилгээг авах нь хамгийн чухал. Орон нутгаас ирж эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь тухайн амьдарч байгаа орон нутагтаа хавдрын мэс засал болон хийн, дайн эмчилгээг хийлгэчих боломжтой. Энэ боломжуудыг бүрдүүлчихвэл бид илүү их иргэдийн амь насыг аврах боломжтой. Эмнэлэг баригдсанаараа иргэдийн амийг аварна, эмнэлэг авснаар аврагдана гэж ойлгож огтоосоо болохгүй. Энэ тогтолцооноосоо салахгүй бол өнгөрсөн хугацаанд бид нэгэнт өвдсөний дараа эмчлүүлнэ эмнэлэгт очно гэдэг байсан. Нэг жилийн дотор 16 хувиар хавдрын тохиолдол нэмэгдэж байна шүү дээ. Тэгэхээр бид хавдар үүсгэж байгаа шалтгаануудаа арилгах бодлого руугаа илүү анхаарах ёстой. 

Таны сурталчилгаа