Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах К-СМАРТ АВТО ЗАМЫН ЦАХИМ УДИРДЛАГЫН ТӨСӨЛ-ийг хэрэгжүүлж эхэлсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Захирал Д.Оюунболд энэхүү төслийн БНСУ талын төлөөлөгчид БНСУ-ын Барилгын технологийн судалгааны хүрээлэнгийн доктор Лим Жае Кью, доктор Ли Жае Хүн, тус улсын Авто замын инженерүүдийн нийгэмлэгийн тэргүүн Чой Юу Сун нартай уулзлаа. Уулзалтын үеэр төлөөлөгчид төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг товч танилцуулж , төслийг 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхээр ярилцлаа. Энэхүү төслийн хүрээнд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон Улсын хөгжлийн тусламжийн байгууллага /ODA/-ын 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын инженер техникийн ажилчдыг БНСУ-д сургаж, авто замын засвар арчлалтад хиймэл оюун ухаан ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл, гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг олон үр дүнтэй ажлыг хийх юм.