Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангаж, 2024 онд улсын санд худалдан авсан “ХӨГЖМИЙН ЗОХИОЛЫН 2024 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн эздэд батламж гардууллаа.
Шинэчлэн батлагдсан журмын дагуу Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулж, орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2024 оны А/174 дүгээр тушаалаар баталгаажуулсан.
“ХӨГЖМИЙН ЗОХИОЛЫН 2024 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ЭЭР
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “FANTASIA” Үндэсний найрал хөгжимд зориулсан уран сэтгэмж;
Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “АРГА БИЛИГ” Морин хуур, ятгын хослолд зориулсан концерт;
Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “ЭХ НУТАГ МИНЬ” Морин хуурын найралд зориулсан концерт;
Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Мөнхболдын “ЯН-ЕГИЙН ЭГШИГЛЭН” Төгөлдөр хуурын триод зориулсан бүтээл;
Хөгжмийн зохиолч Т.Мөнхбаатарын “ДӨРВӨЛ” Чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээл;
Хөгжмийн зохиолч Э.Бумдарийн “THE BEGINNING OF AN ENDLESS IMAGINATION” Квинтетэд зориулсан бүтээл тус тус шалгарлаа.