Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн (АДАПТ) хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөвийг олон загвараар нарийвчлан гаргах, цаг агаарын илүү урт хугацааны урьдчилсан мэдээг тооцоолох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор өндөр хурдны суперкомпьютерийг худалдан авах гэрээг өнөөдөр байгууллаа.
Шинэ суперкомпьютер авснаар төхөөрөмжийн хүчин чадлыг 100 teraflops буюу одоо байгаагаас 16 дахин хурдан, хадгалах төхөөрөмж нь ойролцоогоор 20 дахин их болгож нэмэгдүүлснээр агаар мандлын загваруудын орон зайн нягтаршил болон нарийвчлалыг нэмэгдүүлэх, урьдчилан таамаглал хийхэд зориулсан динамик загвар ашиглах боломжтой болох юм. Ингэснээр цаг агаарын тодорхойгүй байдлыг дөхүүлэх, урьдчилсан мэдээний чанар сайжрахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг олон загвараар нарийвчлан тооцоолж, үндэсний болон бүсийн хэмжээний бэлчээрийн менежмент, мал аж ахуйн салбарт чиглэсэн байгалийн нөөцийн менежментийн төлөвлөлт хийх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахад шаардлагатай цаг уурын урьдчилсан мэдээлэл, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөллийг илүү нарийвчлал өндөртэй гаргаж өгч, судалгааны ажлын үр дүн, бодит байдлыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.
АДАПТ төслийн хүрэнд цаашид ЦУОШГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийх, урьдчилсан мэдээ боловсруулах (WRF) загвар, арга технологи, загвар ашиглах болон боловсруулалт хийх аргуудын талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж, чадавхыг бэхжүүлэх болно.
БОУАӨЯ-ны ТНБД Э.Баттулга: Манай улс анх ЦУОШГ дээр 2011 онд АНУ-ын CRAY компанийн өндөр хурдны суперкомпьютерын технологи суурилуулж, өдөр тутмын цаг, агаарын урьдчилсан мэдээ гаргахад ашиглаж эхэлсэн. Одоо энэ суперкомпьютер маань ашиглалтын хугацаа дуусаж, хурд нь удааширч, нийт хүчин чадлынхаа 1/3-д хүрэхгүй ажиллаж байна. Тэгэхээр АДАПТ төслийн хүрээнд худалдан авч байгаа шинэ суперкомпьютер нь одоогийнхоос 16 дахин илүү хурдан ажиллах хүчин чадалтай байх бөгөөд ЦУОШГ-аас гаргаж байгаа цаг уурын салбарын судалгааг нарийвчлан сайжруулах, илүү уур амьсгалын урт хугацааны прогноз мэдээг нарийвчлан гаргахад шаардлагатай том ахиц авчрах юм.
НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: НҮБХХ Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монголоос гадна 2-3 орнуудад өндөр хүчин чадалтай суперкомпьютер худалдан авч суурилуулах төслийг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдлүүд ажиглагдах болж байгаа энэ цаг үед уур амьсгал, цаг агаарын урьдчилан прогноз мэдээг дөхүүлэн сайжруулж, гамшигт үзэгдлийг эрт зарлан мэдээлэх системийг цогцоор нь хөгжүүлбэл бэлэн байдлыг хангах, цаг алдалгүй хариу арга хэмжээг авах замаар аливаа гамшгийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэнэ. Ийм ч утгаар НҮБХХ цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн төлөвийг эртнээс дөхүүлэн тооцоолох, түүн дээр суурилсан төлөвлөлтийг хийх, бэлэн байдлыг хангахад анхаарч, өндөр хурдтай суперкомпьютерийн худалдан авахад засгийн газарт дэмжлэг үзүүлж байна.
АДАПТ Төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсган өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байна.