Цаг үеийн мэдээ

УДБЭТ-ын ахмад уран бүтээлч Монгол Улсын Ардын Жүжигчин Дашбалдангийн Пүрэвсүрэн 2025 оны 01-р сарын 04-ний өдөр таалал төгслөө. 

МУАЖ Д.Пүрэвсүрэн Булган аймгийн Булган сумын нутагт 1929 онд төрсөн. Булган аймгийн клубт "Өргөмөл сувд" жүжгийн Нүцгэн бандийн дүрийг бүтээж  урлагийн анхны гараагаа эхэлж байсан  түүхтэй.

УДБЭТ-ын ахмад уран бүтээлч,  дуучин  МУАЖ Д. Пүрэвсүрэн нь 1942 онд ХЦДБЧ-д дуучнаар орж 1948 онд УХДТ-д жүжигчин болсноос хойш 1960 он хүртэл  театрт тоглогдсон бүх жүжгүүдийн гол дүрүүдийг  бүтээсэн байна. 1950- аад оноос Монголын анхны үндэсний дуурь  Б. Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаагийн дүрийг, 1970-аад оноос Хоролмаагийн  дүрд тоглож, эсрэг тэсрэг хоёр эмэгтэйн дүрийг  үзэгч олны сэтгэлд хоногштол бүтээсэн авьяаслаг дуучин.  

МУАЖ Д.Пүрэвсүрэн нь цараа багахан уянга тунгалаг хоолойгоороо дуулан жүжиглэхдээ  зөөлөн  хөнгөн  хөдөлгөөнтэй сэтгэлийн үйлдэл  тод, дуулах ур зүй  яруу жүжигчин юм.

УДБЭТеатрын тайзнаа  түүний  бүтээсэн  олон сайн бүтээлийн нэг нь  Б. Лувсаншаравын "Ханбүргэд" дуурийн Норовлхамын дүр юм. Түүний бүтээсэн  Норовлхам нь язгууртны гэр бүлд эрх дураараа өссөн  боловч ихэмсэг  зангүй хүнлэг чанар нь эвдрээгүй шунал тачаалд  автаагүй  ариухан сэтгэлтэй ухаалаг сэргэлэн бүсгүйн дүр юм. 

Тэрээр 1951 онд ДЗО-ны lII их наадамд эх орныхоо тэргүүний  залуучуудын хамт оролцож, эх орны нэрээ  дэлхийд таниулж явсан түүхтэй.  

МУАЖ Д.Пүрэвсүрэн УДБЭТ-ын уран бүтээлийн түүхийг  бүтээлцсэн алтан үеийн дуучдын нэг бөгөөд УДБЭТ-ын тайзнаа дараах дууриудын  гол дүрүүдийг  бүтээсэн. 

• Б. Дамдинсүрэн “ Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа

• Б. Дамдинсүрэн  “Жаргалын зам” дуурийн -Норовлхам, Халиун

• С. Гончигсумлаа “Үнэн” дуурийн  -Ядмаа

• Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурийн- Уянга

• Б. Дамдинсүрэн “Шарай голын  гурван хаан” дуурийн -Рогмогуа

• Б. Дамдинсүрэн “Тэмцэл” дуурийн- Дуламсүрэн

• Б.Сметан “Худалдагдсан бэр” дуурийн -Эсмеральда зэрэг  

 УДБЭТ-ын ахмад уран бүтээлч, дуучин МУАЖ Д.Пүрэвсүрэнгийн  дуурийн урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж  1961 онд “Монгол Улсын Гавьяат  Жүжигчин” цолоор, 2024 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол тэмдгээр шагнажээ. 

Талийгаачийн гэгээн дүр, театрын тайзнаа бүтээсэн дүрүүд, хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, төлөв даруу зан чанар нь хамтран ажиллаж байсан үе үеийн  уран бүтээлчид, ажилтан албан хаагчид,  сонгодог урлагийг дээдлэгч хүн бүрийн сэтгэлд  үүрд хадгалан үлдэх болно. 

УДБЭТ-ын захиргаа, нийт хамт олон

Таны сурталчилгаа