Цаг үеийн мэдээ

Шар зурхайч М.Намсрайтай ярилцлаа.

-Шар зурхайн тоолол хэзээнээс эхэлсэн өв уламжлалтай юм бол. Үүсэл гарлаас нь хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Шарсан мах андахгүй шар зурхай гэдэг нь эрт цагаас эхэлсэн юм билээ. Яагаад ингэж хэлсэн бэ гэвэл баталгаатай эх сурвалж нь манай тооллын 800-гаад оны Мэргэн Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээсээс эхэлж байна. Түүнээс цааш 1206 он гэхэд их боловсронгуй болж, хуульчилсан. Түүхэн тооллоороо 800-гаад жилийн тэртээгээс тасалдсан, будилиантсан зүйл байхгүй. Монголчууд төрийнхөө тооллыг маш зөв авч явсан ард түмэн юм билээ. Социализмын үед малчны календарь, Сүнпамбын тооллыг оруулаад, Төв тоолол ороод ирэхээр жаахан будилаан гарсан. Цагаан сарын тоолол нь нэг сараар зөрдөг асуудал социализмын үед ч байсан юм билээ. Тиймээс 1990 оны тавдугаар сарын 9-нд би Зурхайн холбоог байгуулсан. Нинжбадгар гуай, Агваандондов гуай, Бирваагийн Батжаргал гэж эртний математикийн номыг зохиосон тэр сайхан хөгшчүүлийг дагаж, тэднээсээ суралцаж, Хаадынхаа тооллыг барьж “Шар зурхай” гэж нэрлэх нь зөв юм байна гээд нэрлэсэн. Чингис хааны тоолол юм болохоор “Чингис хааны Монгол шар зурхай” хэмээн нэрийдэж, өнөөдрийг хүртэл энэ тооллоо барьсаар явж байна. 

-Тэгэхээр бид энэ жил хэдэн сарын хэдэнд Цагаан сарын шинийн 1-ний ёсоо хийх ёстой вэ?

-Монгол шар зурхайн тооллоор 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Цагаан сарын шинийн 1 тохиож байгаа.

Төвд тооллоор гуравдугаар сарын 1-нд гэж ярьж хөөрөөд явж байна. Энэ бол тооллын алдаа. Аль алинд нь эх сурвалж, үнэтэй ном судрууд байдаг. Хэн нь ч өөр өөрийнхөөрөө ярих эрх чөлөө ардчилсан засгийн үед бидэнд бий. Тийм болохоор өөрийнхөө үнэн гэж итгэсэн зүйлээ баримтлаад явна. Хамгийн гол нь ардчилсан засаг өөрийнхөө үнэн гэж итгэсэн зүйлд итгэлтэй яв гэдэг нийгэм юм байна.

-Ирэх жилийн өнгө таны зурхайд хэрхэн буусан бэ?

-Ирэх жилийн өнгө түүхэн талаасаа хүн болгоны мэддэг Эх орны дайн болсон нь 1941 оны могой жил байсан. 1917 оны Октябрын хувьсгал мөн л могой жил гарсан. Ингээд бодохоор дэлхийн түүхэндээ могой жил нэлээд хөдөлгөөнтэй, дайн байлдаантай байжээ. Одоо ч гэсэн Орос, Украин гээд ах дүүс хоорондоо алалцаад л байж байна.

Харин могой жилийн өгөөж нь манай монголын ард түмэнд их сайн байдаг юм билээ. Хүн бүр юу дуртайгаа хийх бүрэн боломжтой. Могой лусын амьтан. Тийм учраас байгаль дэлхий, эх орон, эх түүхээ зөв хадгалж, түүнийг нь зөв авч яваа тэр ард түмэн аз жаргалтай байна. Ач гуч, үр хүүхдүүд нь цог хийморьтой явдаг жил юм байна лээ. 

-Луу жил дуусах гэж байна. Энэ жил ямар жил байв. Луу жилийн өнгө таны зурхайд хэрхэн бууж, ямар өнгөтэй жил өрнөв?

-Луу бол агуу том амьтан. Чихгүй амьтан гэж ярьдаг. Би луу жилийн онцлогийг тэр талаас нь хэлж байсан л даа. Үгэнд ордоггүй хүүхдийг чихгүй толгой гээд аав ээж нь загнаад байдаг шиг юу дуртайгаа хийгээд л, нэг зүг рүү чиглэсэн бол тэр чигээрээ алдалгүй яваад ирсэн. Луу жил манай монголын ард түмэнд байгаль цаг уурын талаасаа ч, улс төрийн талаасаа ч их өгөөжөө өгсөн сайхан жил болж өнгөрч байна. 

-Төвд зурхайгаар шинийн 1 байхгүй гээд байгаа. Шар зурхайд яаж буусан бэ?

-Монгол шар зурхайд тооллын алдаа байдаггүй.

Сарны хэлбэрээ бариад л явна. Шинийн 2 гэхэд гараад харахад шинийн 2-ны сар гарчихсан л байдаг. Үүнийг би сар, нараар нь нотолж л байсан. Яагаад Монгол шар зурхай гэж байгаа вэ гэдгийн эх түүхийн үндсийг би түрүүн хэлсэн. Манай ард түмэн хэзээ ч буруу юм руу явдаггүй. Аль болох зөвийг, үнэнийг үр хүүхдүүддээ үлдээх юм сан гэж явдаг. Тийм л агуу их эрдэм билигтэй ард түмэн шүү дээ. 

-Шар зурхайн тооллоор битүүлэг болон шинийн ёсоо яаж үйлдэх ёстой вэ?

-Нэгдүгээр сарын 28-ны өдөр анхны од түгэх үеэс битүүлгийн ёсоо үйлдэж эхэлнэ. Битүүлгийн ёсоо зөв үйлдэж эхлээд л маргааш өглөө нь ах эхэс дээдэстэйгээ, ах авгай нартайгаа мэнд хүндээ мэдээд, золголтоо хийгээд эхэлнэ. Үүнд буруу зүйл байхгүй. Гуравдугаар сарын 1-нд Цагаан сараа хийж байсан түүх манай ард түмэнд байхгүй. Тэгэхээр байгаль цаг уур нь ч хэлээд өгөх байх. Ер нь энэ тооллын алдааг хөдөө хотгүй бүгдээрээ мэдэж байна даа. 

-Таныг ингээд өөрийн зөв гэснээ түмэнд түгээгээд, өөрийнхөө зөвд итгээд яриад явахаар олон хүмүүсээс дайралт ирэх үү?

-Хүн хэлэх үгээ хэлэлгүй яах вэ. Надаас ахмад настай хүн ч бай, долоон настай хүүхэд ч надад үг хэлсэн би түүнийг хүндэтгэлтэйгээр хүлээж авна. Түүнд эмзэглэж уурлаад байх зүйл байхгүй. Хүн өөрийнхөө зөв гэж итгэсэн зүйлийн төлөө үгээ хэлэхэд юу нь буруу гэж.  

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа