Цаг үеийн мэдээ

Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар гарагийн өглөө буюу Бээжингийн цагаар 09:05 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас Хималайн нурууны хойд энгэрт олон мянган байшин барилга нурсны улмаас одоогоор 126 хүн нас барж, 188 хүн гэмтэж бэртсэн байна. Шигазэ хотын Динри хошууны Цого сууринд голомт нь бүртгэгдсэн бөгөөд голомтоос 20 км-ийн эргэн тойронд 27 тосгон, 6900 орчим хүн амьдардаг аж. Тухайн голомтын ойролцоо 3609 байшин нурж, нурангид дарагдсан 407 хүнийг аварч, байгалийн гамшигт өртсөн 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн гамшигт өртсөн бүсэд хүмүүсийн амь насыг аварч, гарз хохирлыг багасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэг болгосноор Шадар сайд Жан Гуочин байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, тусламж үзүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Хятадын төв Засгийн газрын эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт майхан, өвлийн хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар болон хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг илгээжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Таны сурталчилгаа