Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
22 элчин сайдын томилгооны асуудал яригдаж байна. Элчин сайдын томилгоо улс төрийн намуудын бялуу хуваах тохиргоо болсон гэх олон нийтийн шүүмжлэл гарах боллоо. Та Гадаад харилцааны сайдын хувьд байр сууриа илэрхийлээч. Элчин сайдад томилох хүнд олон улс ямар шаардлага тавьдаг юм бэ?
Дипломат ажилтанд тавигдах шаардлага нь дэлхий даяар бичигдээгүй нэгэн хууль байдаг. Шаардлагууд нь бүгд адилхан. Манайх ч гэсэн олон улсын жишгээс гажаагүй, өндөр шаардлагатай, дүрэм журмаараа өндөр түвшинд бэлтгэдэг. Тухайн суух газрынхаа онцлог нөхцөл байдал, харилцааны онцлог, очоод шууд дипломат харилцаа хийх өндөр ур чадвартай хүмүүсийг бэлтгэж оруулах ёстой. Би дипломатуудаараа их бахархдаг. Харьцангуй цөөхөн дипломатууд их ажил амжуулдаг. Манайх шиг хүн амтай, эдийн засагтай орон дор хаяж 1000-аад дипломат салбартай ажиллаж байдаг. Манайх хуучин социализмын үеийн бүтцээрээ байгаа. Төвдөө 150 хүн бэлтгэгдэж байдаг. Хилийн чанадад 200-гаад хүн л ажиллаж байдаг. Энэ хүмүүсийн ачаалал өндөр, ур чадвар нь ч харьцангуй өндөр. Гадны дипломатуудын 3-4-үүлээ хийдэг ажлыг манайд нэг л хүн хийдэг. Нарийн бэлтгэгдсэн мэргэжлийн салбарын хүмүүсийг аль болох томилох байр суурьтай байдаг. Би Гадаад харилцааны дэд сайдаар дөрвөн жил ажиллахдаа үүн дээр тодорхой дүгнэлт, анализ хийж байсан. Сайд болоод энэхүү зарчмаа хатуу барьж ажилласан. Сүүлийн дөрвөн жилд хилийн чанадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа хүмүүс 4 жилийн хугацаатай томилогддог. Харьцангуй эрүүл орчин бүрдээд мэргэжлийн болсон гэж хэлнэ. Дандаа төвөөсөө мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүсийг томилсон.