Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.01.10)-ийн нэгдсэн хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Засгийн газраас энэ сарын 8-ны өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд, Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 9-ний өдөр өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус хуваарилжээ. Мөн Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын системээр иргэн Насантогтохын Анхзаяа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “Нарансэвстэй боомтыг сэргээж нээх” гэсэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн хэсгийг хасуулах асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдөл гаргаж, түүнийг энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 33037 иргэн дэмжсэнийг Улсын Их Хурлын дарга танилцуулж, уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Ирээдүй өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх хэсгийн 65 хувийг, харин Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцаанд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэхээр зохицуулсан. Гэвч эдгээр эх үүсвэрийг Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуульд өөрөөр тусгасан байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 472.2, 472.3-т стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулж болохоор зохицуулж, тусгай төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч 5.0 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газар тогтоож, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасан зарчим, түүнд нийцүүлэн гаргасан Үндэсний баялгийн сангийн орлого бүртгэх зарчимтай нийцэхгүй байгаа юм.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Эдийн засгийн байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаараа уг хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хууль, тогтоомжоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг тодорхойлж батлахдаа ашигт малтмалын нэр төрлөөс, эсхүл тусгай зөвшөөрлөөс нь хамааруулан ангилах талаар Засгийн газраас баримтлах бодлого, төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл цаашид цацраг идэвхт ашигт малтмалын геологийн хайгуул, судалгааны ажилд зориулж хэдий хэмжээний санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж Үндэсний баялгийн санд хуримтлагдсан хөрөнгийг тогтвортой хадгалах, арвижуулах асуудлаар тус тус асуулт асууж, үг хэлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Батнайрамдал, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах байгалийн баялгаас олох орлогоос боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулах талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал газрын баялгийн төлөөх тэмцлийг даван туулж,  байгалийн баялгийн үр өгөөжийг зөв, шударга хуваарилж чаддаг болох, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар бие даасан хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж, асуудлыг уг дүгнэлтийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэдэг байх, гарсан шийдвэр, орж ирсэн баялгийг зарцуулах, хянахдаа ард түмэнтэйгээ зөвшилцдөг байх нь зүйтэй гэсэн юм.

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцов.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Гэрээний төслийг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд уг асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг зохицуулагдаагүй байсан тул Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийг баталсныг дурдаад, уг хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо гэрээний төслийг тус тусын хуралдаанаар урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн гэсэн юм. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, О.Саранчулуун, Ж.Золжаргал, С.Ганбаатар, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг тогтворжуулах, тогтворжуулснаас хойш гарах таатай нөхцөлийг эдлэх, эрх шилжүүлэх асуудлуудад анхааралтай хандаж, өөрт ашигтай хувилбараар шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн үнэлгээний зохих шаардлагуудыг төсөл хэрэгжүүлэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад ижил тавих, төслийг ач холбогдол, үр өгөөжийн талаар олон нийтэд зөвөөр ойлгуулан таниулах, өгөөж тооцох аргачлал, тооцоолол хянуур хандаж, алдаа гаргахгүй байх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлыг гэрээнд тодорхой тусгах, газар доор уусган олборлоход ашиглах элементийн хүхрээ үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, инновацын хөтөлбөр хэрэгжүүлэх, аюултай, цацраг идэвхтэй хог хаягдлыг устгах, булшлах, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг нэн даруй эцэслэн батлах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50 хувийг манай улсын өөрөө борлуулах боломжтой эсэх болон энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах асуудлыг дагалдуулан Монгол Улсын иргэд БНФУ-д визгүй зорчих талаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжтой эсэх асуудлуудыг хөндөж, Ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөхдөө төсөл хэрэгжих хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өргөтгөж, 160 километр засмал болон сайжруулсан автозам татаж, 500 хүн амтай жижиг тосгон байгуулагдах бөгөөд нийтдээ 1600 гаруй хүн ажиллахын 17 нь гадаадын иргэн байна гэсэн юм. Мөн газар дор уусган баяжуулах технологийг дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 54-60 хувьд ашиглаж байгаа, олборлохуйц хэмжээний ураны нөөцтэй давхаргын усыг олборлолтоос өөр зориулалтаар ашиглах боломжгүй, хүн, мал амьтанд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн хүрээнд хийх бөгөөд нөлөө бүхий гэж үзвэл бүс нутгийг малгүй болгож, малчдад нөхөх олговор олгохтой холбоотой зохицуулалтууд гэрээний төсөлд тусаж байгааг танилцуулав. Түүнчлэн зардлын шинжтэй төлбөр, хураамжийг Монголын талын өгөөжид тооцуулахгүй авч үлдэж чадсан, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын өгөөжид 2.0 хувиар тооцож байгаа, аюултай хог хаягдлын менежментэд нийт 2.3 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар төлөвлөсөн зэргийг тодорхой дурдав.

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны уг гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн тул “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо. Тогтоолд, Монгол Улсын Засгийн газраас  Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөнд тооцсугай гэжээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар олон жил ужгирсан уг асуудлыг дэмжсэнд гишүүдэд баяр хүргэж, Улсын Их Хурлын болон Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв. Тэрбээр хуралдааны төгсгөлд батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосон юм. Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Таны сурталчилгаа