Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч Б.Б холбогдох 250 900 0142 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс Зөрчилд холбогдогч Б.Б нь “2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явахдаа олон нийтийн цахим сүлжээнд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар “Нэг муу харриер сигналдаад лай болж байна, пизда нар аа, хачин пизда, энэ муу гөлөг болно, ямар юм сууж байгаа юм билээ, ацнууд аа, ална шүү” гэх мэт хараалын үг, зүй бус үг хэллэг удаа дараа хэрэглэж, бүдүүлэг үйлдэл гаргаж хүүхэд, залуус, олон нийтийг үл хүндэтгэн танхайран, хараан доромжилсон” үйлдэл гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Олон нийтийн газар, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан” зөрчилд хамаарах бөгөөд дээрх зөрчлийг холбогдогч Б.Б үйлдсэн болох нь хэрэгт тусгагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдогчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, шийтгэл оногдуулж шийдвэрлэв. 

Өөрөөр хэлбэл “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн”-ээс тайлбарласнаар цахим орчин нь “олон хүн байршиж буй олон хүн бүхий орчин” бөгөөд цахим орчныг “олон нийтийн газар” гэж үзэх, “олон хүнийг, ард түмнийг үл тоомсорлож, олон нийтийг заналхийлсэн, бүдүүлэг үг хэллэг ихээр ашиглаж дайрч доромжилсон, хүндэтгэлгүй хандсан” үйлдэл нь “Олон нийтийг үл хүндэтгэсэн” гэх ойлголтод хамаарах  тухай хэл шинжлэлийн дүгнэлт нь үндэслэл бүхий, мөн холбогдогч Б.Б-ын цахим сүлжээнд хандсан дээрх бичлэгийг 560.000 мянган хүн үзэж, 360 гаруй хүн бусадтай хуваалцсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон нь холбогдогч Б.Б нь “Бусдыг үл хүндэтгэн, олон нийтийн газарт танхайрсан” зөрчил үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж, зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн  байна. 

Холбогдогчийн дээрх зүй бус үйлдлийг олон нийт цахим сүлжээгээр үзэж хандсан нөхцөл байдал, үйлдэгдсэн зөрчлийн шинж, хувийн байдал, холбогдогчийн зүй бус авир үйлдлээс үүсэх нийгмийн сэтгэл зүй, хандлагад учрах хор уршиг, энэ төрлийн зөрчил дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс зөрчилд холбогдогчид 30 хоногийн хугацаагаар баривчилж, 50 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 280 дугаартай “Шүүхийн шийтгэвэр”-ээр шийтгэл оногдуулж,  шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг

Таны сурталчилгаа