Цаг үеийн мэдээ

Нүгэл буянаа шүүлгэгсэд, нүүдлийн шувуу бологсдыг улаантан, цагаантан, МАН, АН, экс ба эрх мэдэлтэйгээр нь, тул, жараахайгаар манай танай гэж ялгалгүй бүгдийг нь шалгаж мөрдөж, баривчилж авчрах нь шударга явдал.  Зөвхөн АН-ын цэнхэр шувуудыг онилж, МАН-ын улаан шувуудыг мартах нь еэвэнгийн талыг орхисон, хагас үнэн, хугас шударга ёс юм.

Жишээ нь, Хөгжлийн банкийг 1,8 их наядын өрөнд оруулж, өтөнд бариулсан Хөгжлийн банкны хэрэгт дээрээс өгсөн даалгавар биелүүлсэн, жирийн мэргэжилтэн, хэлтсийн дарга, жижиг жараахайнууд нь бол торонд, шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан том тул, бүдүүн дарга нар нь бол торгонд байна. Хөгжлийн банкны хэлтсийн дарга байсан, лайвчин Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатарыг нийтийн алба хаших эрхийг 2 жилээр хасаж, УИХ-ын гишүүнээс татагдахад хүрээд байна. Хөгжлийн банкны эрсдэл, үнэлгээ хариуцсан дэд захирлаар 2016-2018 онд ажилласан Ганбямбын Дөлгөөний гэмт хэрэг, гэм зэм, гэсгээл шийтгэл хэрхсэн нь мэдэгдэхгүй, хэл чимээгүй боллоо.  Хэнд, юунд хэдийг өгөх вэ, эргэн төлөгдөх эсэх эрсдэлийг нь үнэлж цэгнэх эрхтэй үүрэгтэй, илүү том албан тушаалтай, дэд захирал нь МАН-аас УИХ-д удаа дараа сонгогдсон, Хэнтийн засаг дарга асан Ганбямбын хүү Дөлгөөн болохоор Монголын шүүхэд биш Монголбанкинд хяналт шалгалт хариуцаж, шийтгэлийн сандалд биш шагналын суудалд тухалж байна.  Хөгжлийн банкны дэд захирал, Хяналт, шалгалт, тамгын газрын даргаар 2016-2021 онд 5 жил ажилласан Янгүгийн Сод-Эрдэнэ ял зэм хүлээгээгүй, яасан хэрхсэн нь мэдэгдэхгүй замхраад байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан, эрх баригч МАН-ын генсек Янгүгийн Содбаатарын төрсөн ахад төрийн хууль үйлчлэх үү? гэдэг асуулт хариултаа нэхэж байна.

Гишүүн байсан аавтай Г.Дөлгөөн, генсек дүүтэй Я.Сод-Эрдэнэ нарын хэргийг тусгаарласан нь тусгайлан нь авч үзсэн, тусад нь харж үзсэнийх үү? Я.Сод-Эрдэнэ зээлийн мөнгөөр хөзөр тоглоод алдчихдаг, Сингапурт бүгж байсан Т.Бадамжунайтай зураг хөргөө очоод татуулдаг, Мөнхтөрийн “Бэрэн групп” зэрэг компаниудад олгосон чанаргүй зээлтэй холбогддог. Г.Дөлгөөнийг МоАХ-ны газар дээр орон сууц барьж, оршин суугчид нь ордергүй, туслан гүйцэтгэгч орлогогүй өрөнд баригдсан “Пирамид орд” зэрэг компанийн өр болсон зээлд холбон шалгаж байсан юм.

Ингэхэд экс гишүүн, сайд Ж.Мөнхбат Солонгост бүгж байна гэдэг мэдээ гараад л байгаа. Бүгээд байна уу, бардаад байна уу? Хаяанд шахам байсаар атал Ж.Мөнхбат шувуу биш шумуул болсон юм уу? Тавантолгой төмөр замын Н.Удаанжаргал зовлонгийн түргэн биш жаргалын удаан нь гээд, ийм улсын хилээр гарлаа, тэр оронд очлоо гэж үүргэвчтэй аяллын хөтлөгч шахам байхад олж харах нүд алга уу?

Таны сурталчилгаа