Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын эрхлэгч Г.Батцэнгэл: Манай тасагт өнөөдрийн байдлаар 76 хүүхэд эмчлүүлж байна. 22 нярай амьсгалын замын эмгэгтэй, уушгины хатгалгаа болон түүний хүндрэлийн улмаас эмчлүүлж байгаа нөхцөл байдалтай байна. 22 хүүхдийн 15 нь ямар нэгэн байдлаар хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай амьсгалын дутмагшлын шинжүүд илэрсэн. Эдгээр хүүхдүүдийн 75 хувь нь дутуу буюу бага жинтэй гэж ярьдаг, 37 долоо хоногоос өмнө төрсөн, 2 кг-аас доош жинтэй нярай байгаа юм. Нярай хүүхэд насанд хүрсэн хүмүүс шиг шууд ханиах найтаах зэргээр амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрдэггүй. Хүүхэд хөхөндөө сул болох, унтаарах, биеийн халуун хэвийн биш болох, хөхсөнийхөө дараа сүүгээрээ бөөлжих гэх мэт ерөнхий шинж тэмдгээр илэрч байгаа. Ерөнхий шинж тэмдгүүд даамжраад аажимдаа амьсгаадах, ялангуяа хөхөөр хооллох явцад хөхөө хөхөж чадахгүй амьсгал олшрох, хамрын амьсгал саадтай болох, цээж хонхолзох, зайнаас шуугьж сонсогдох гэсэн эмнэлзүйн шинжүүдээр давамгай илэрч байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг ажиглахад хөхөөр хооллох нь өөрөө амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх нэг үндэс болж байдаг. Амьсгалын замын өвчлөлөөр өвдөж байгаа ихэнх хүүхдүүд холимог хооллолттой. Дан хөхний сүүгээр дагнаж хооллодоггүй. Сүүн тэжээлээр хавсарч юм уу, холимог байдлаар хооллодог. Ээж жирэмсэн байх хугацаандаа чихрийн шижин өвчнөөр өвдөж байсан тохиолдолд амьсгалын замын өвчлөл илүү хүнд явцтай хүндрэх эрсдэл ихтэй байгаа нь ажиглагдаж байгаа. Дотоод орчны агаарын бохирдол энэ өвчлөлд бас нөлөөлж байна. Энэ нь дам тамхидалтад өртөх буюу ээж аав хоёр нь тамхи татдаг бол дотоод орчны агаарын чанар буурдагтай холбоотой өвчлөл хүндэрч байна. Дараагийн анхааруулах зүйл нь эмийн хэрэглээнээс хамаатай байна. Дур мэдэж эм хэрэглэх нь хүүхэд хүндрэх нэг шалтгаан болж байна.   

Таны сурталчилгаа