Дархан аварга Н.Батсуурь Монгол бөхийн өргөөнд анх удаа дархан аварга цолоо дуудуулж, Шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн барилдаанд түрүүлэв. Түүнээс өнөөгийн Монгол бөхийн хөгжил, шинэчлэлийн талаар асуулаа.
ТЭРЭЭР: -2025 оны, шинэ жилийн, шинэ сарын барилдаанд зодоглож байна. 2025 он монголчуудад сайхан жил байна байх. Өнгөрсөн жил сайхан жил байлаа. Энэ жил баяр наадамдаа эртнээс бэлдэж, заал танхимын барилдаанд барилдаж бэлтгэлээ чамбайруулах зорилго бий. Сар бүр 128 бөхийн барилдаан болж байна. Нэг талаараа чансаа өндөр барилдаанууд. Улсын наадмын дөрвийн давааны оноолтын барилдаанууд нэгийн даваатай адилхан байна. Бөхчүүдийн бэлтгэл сургуулилт өвөл жигдэрчихдэг. Энэ утгаараа үндэсний бөхийн хөгжил мэргэжлийн түвшин оччихсон байгаагийн илрэл байх.