Энэ өвөл цас бага орсны улмаас хаврын улиралд хуурайшилт ихтэй байх төлөв ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор ой, хээрийн болон ахуйн гал түймрийн эрсдэл нэмэгдэхийг харгалзан Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) удирдлагуудад Шадар сайд С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд:
-Онцгой байдлын алба хаагчдын хувцас, техник хэрэгслийн хангалт нийлүүлэлтийг сайжруулах;
-Эрсдэлтэй бүс нутагт шаардлагатай техник, хүн хүчийг бэлтгэх, стратеги тактикийг боловсронгуй болгох;
-Гал түймрээс сэргийлэх хяналтын механизмыг сайжруулах;
-Холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, сургалт, дадлагыг олон улсын стандартад нийцүүлэн тогтмол зохион байгуулах;
2. Иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэдэд тогтмол заавар, зөвлөгөө өгч, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах;
3. Хяналт, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих механизмыг боловсронгуй болгох;
4. Аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд:
-Өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг сар бүрийн сүүлийн долоо хоногт гамшигт эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, сургуулилтад хамруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хянах;
5. ОБЕГ-ын мэдээлэл, технологийн системийг шинэчилж, мэдээллийн шуурхай дамжуулалт, хяналтыг сайжруулах;
6. Ерөнхий боловсролын сургуулиудад заадаг “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн агуулгыг шинэчлэн боловсруулж, сурагчдад гамшгийн үед авран хамгаалах чадвар суулгах
Дээрх үүрэг даалгаврын төлөвлөлт, хэрэгжилтийн талаар энэ сарын 20-ны дотор танилцуулахыг ОБЕГ-ын удирдлагуудад үүрэг болгож, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах ажлыг эртнээс зохион байгуулж, олон нийтийн оролцоо, сургалтад онцгой анхаарахыг ОБЕГ-ын удирдлагуудад дахин санууллаа.